ТВ9-ийнхний өмнөөс хүлцэл өчье
Монголд анх удаа 24 цагийн эфиртэйгээр ‘’Таны телевиз’’ уриатай байгуулагдсан ТВ9 телевиз ойрын үед бужигнаантай байна. Уг нь уг телевизийг анх байгуулагдахаас нь эхлэн ажилласан уран бүтээлчдээр толгойлуулсан хэсэг хүмүүс шинээр томилогдсон удирдлагынхаа үйл ажиллагаатай үл эвлэрэн, ажил хаялт зарлан , улмаар үр дүнд хүрэхгүй болохоор ажлаасаа чөлөөлөгдсөн билээ. Уран бүтээлчдийн хийсэн хэвлэлийн бага хурлаас харахад зөв зүйтэй санал гомдлууд хөвөрч байгаа боловч өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдана гэдгийн үлгэрээр үүсгэн байгуулсан, ажлын байртай болгосон төдийгүй уг телевизийн буянаар олонд танигдаж, алдар нэртэй болгосоных нь төлөө үүсгэн байгуулсан эзнийхээ хүнд хэцүү өдрүүдэд нь ингэж үймээн шуугиан тарих хэрэг байсан юм болов уу?
Ач санах учиртай хүнийхээ шүүх хуралтай давхцан ийнхүү аяглаж байгааг харсан хүмүүс огт таашаахгүй байна. Тавьж байгаа шаардлага нь зөв зүйтэй байж болно, гагцхүү цагаа олсонгүй дээ гэж шогшрох хүмүүс ч олон байна. ТВ9 нь сэтгүүлчдэд шударга үнэний дуу хоолой байх зарчмыг нь хэрэгжүүлэх бүхий л бололцоог хангасаар ирсэн бөгөөд арилжааны ТВ-үүдээс хамгийн дориун цалинтайн дээр хамгийн олон үзэгчтэй, ард түмний шимтэн үзэх дуртай телевизийн нэг болж чадсан юм. Харин МАХН-ын дарга Н.Энхбаярт анхлан зохиомол хэрэг үүсгэхдээ ТВ9 телевизийн зарим тоног төхөөрөмжийг хууль бусаар авсан гэх гүтгэлэг анх энэ л ТВ-тэй холбогдон гарсан. Уг нь Монголын хүн амын дийлэнх нь шүтэн биширсээр ирсэн буддын шашны сургаалыг үзэгчдэд хүргэж, сэтгэлийг ариусгах олон сайхан нэвтрүүлэг бэлтгэн хүргэсээр ирсэн буяныг нь шүүгчид ч хайхарсангүй , олон хүнийг ажлын байраар ханган ар гэрийнх нь амьжиргааг давхар тэтгэж байсныг гоморхох уран бүтээлчид ч анзаарсангүй. Шүүгчид ч, сэтгүүлчид ч ийнхүү Энхбаярт үнэхээр ээлгүй хандсаныг сүүлийн өдрүүдийн үйл явдал гэрчилнэ. Монголчууд ёс жудагтай хүмүүс. Хүнийг зовж явахад нь элдэв хатуу үйлд уриалан дуудах байтугай эсэн бусын муу бодлыг ч өөрөөсөө зайлуулж чаддаг тэвчээртэй ард түмэн. Энэ журмыг хүнд хэцүү өдрүүдэд даанч эргэцүүлэн тунгааж чадаагүй ТВ9-ийнхний өмнөөс Энхбаяр даргаас хүлцэл өчмөөр санагдлаа.
У.Батцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ