Ц.Мөнхбат: Хорих ял эдэлж байгаа хүн өлсгөлөн зарлах эрхгүй
Өнгөрсөн хугацаанд олны анхаарлыг татаж байсан хоёр ч эрүүгийн хэргийг Улсын дээд шүүх хяналтын шатны шүүх хуралдаанаараа эцэслэн шийдвэрлэлээ. Шүүхээс ял сонссон дээрх хүмүүс цаашид хэрхэх вэ. Энэ талаар Нийслэлийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Мөнхбаттай ярилцлаа.
-Улсын дээд шүүх Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нарт холбогдох хэргийг хэлэлцэж, шийдвэрээ гаргалаа. Одоо энэ хүмүүсийг аль ангид хуваарилах бол гэсэн асуулт уншигчдаас ирж байна. Эндээс ярилцлагаа эхлэе?
-Н.Энхбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар энэ сарын 7-ны өдөр хэлэлцэж хуульд зааснаар зохих шийдвэрээ гаргасан. Хяналтын шатны шүүхийн шийдвэр эцсийнх байдаг. Шүүх Н.Энхбаяр нарыг тодорхой гэмт хэрэгт буруутай гэдгийг албан ёсоор тогтоол гаргаж баталгаажуулчихлаа.
Хуульд зааснаар энэ хүмүүс шүүхээс тогтоосон ялыг хорих ангид биечлэн эдлэх ёстой. Энэ хүмүүс аль хорих ангид ял эдлэх хуваарилалтыг ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газар хийнэ. Ял эдлэлтийн байдалд харьяа нутаг дэвсгэрийн прокурорын газар хяналт тавина. -Хяналтын шатны шүүхийн тогтоолыг нийт шүүгчдийн хуралдаанаар өөрчилсөн тохиолдол байдаг уу? -Миний мэдэхийн сүүлийн 20 жилд шүүхийн шийдвэрийг өөрчилсөн тохиолдол ховорхон. Өмгөөлөгчдийн бодож байгаагаар өөрчлөгдөж болохыг үгүйсгэхгүй. -Ерөнхийлөгчөөс уучлалт хүсэх эрх энэ хүмүүст нээлттэй биз дээ? -Уучлал хүсэх эрх нь ялтнуудад бий. Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ялтанг ял эдлэхээс хэсэгчлэн буюу бүрэн хэмжээгээр уучлал үзүүлж, ялаас чөлөөлж болохыг тодорхой заасан байдаг. -Хуульд зааснаар Н.Энхбаяр хэр удаан хугацаанд ялаа эдлээд гарах вэ? -Н.Энхбаяр гэдэг хүнд шүүхээс оногдуулсан хорих ялыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцээд 2.6 жилээр тогтоосон тул уг ялаа эдлээд гарах ёстой. Гэхдээ хуульд зааснаар ял эдэлсэн хугацаанд дараахь гурван зүйлийг оруулж тооцдог. Тухайлбал мөрдөн байцаалтын явцад цагдан хоригдсон болон хорих ангид биечлэн ял эдэлсэн хугацаа, мөн зан байдлаараа засарч хүмүүжсэн бол хорих ангийн даргын шийдвэрээр улиралд олгодог 30 хүртэлх шагналын хоног гэх мэт. Н.Энхбаяр болон бусад нь хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлсэн учраас эдлэх ялынхаа гуравны хоёрыг эдэлсэн байх, зан байдлаараа засарч хүмүүжсэн, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн тохиолдолд хугацаанаас нь өмнө тэнсэн суллах асуудал нь нээлттэй. -Тэгвэл дээрх гурван шаардлагыг биелүүлчихвэл хугацаанаасаа өмнө тэнсэн суллагдаж болно гэсэн үг үү? -Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд энэ тухай тодорхой заасан байгаа. Н.Энхбаяр нарын болон хэн ч гэсэн хуулийн шаардлагыг хангасан бол хорих ангийн арга зүйн зөвлөлийн хурлаар хэлэлцээд хугацаанаас өмнө тэнсэн суллах нь зүйтэй юм байна гэсэн шийдвэрт хүрвэл хорих ангийн дарга санал гаргаж прокурорт хүргүүлнэ.
Прокурор хянаад үндэслэлтэй гэж үзвэл харьяалах нутаг дэвсгэрийн шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлдэг журамтай. Тийм учраас хорих ялын хугацааг бүрэн дуусгаж суллагдах эсхүл хугацаанаас өмнө тэнсэн суллагдах асуудал байна. -Н.Энхбаярын тухайд хэдий хугацааны дараа суллагдах боломжтой вэ? -Энэ хүн мөрдөн байцаалтын шатанд энэ оны дөрөвдүгээр сарын 13-наас эхэлж цагдан хоригдсон. Анхан шатны шүүхийн шийдвэр наймдугаар сарын 2-нд гарснаас хойш ялтан болсон. Тэгэхээр нийт эдлэх ялын гуравны хоёр буюу 1.8 жил ял эдэлсэн бол хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдах нэг боломжийг хангалаа гэж үзнэ. Гэхдээ хорих ангийн арга зүйн зөвлөл, прокурор, шүүгчийн шийдвэрээс бүх зүйл шалтгаална. Тэнсэн суллаж ч болно, суллахгүй ч байж болно. Хуулинд “заавал” гэсэн үг байхгүй. -Ял эдэлж байгаа хугацаандаа эмнэлэгт хэвтвэл ял эдэлсэн хугацаанд нь оруулах уу? -Ял эдэлсэн хугацаанд тооцдог. Ганцхан тохиолдолд тооцохгүй. Тэр нь ялтан өөрийн биед санаатайгаар гэмтэл учруулсаныг тогтоовол ял эдэлсэн хугацаанд оруулахгүй. Хуулийн заалт ийм. -Эрүүл мэндийн шалтгаанаар ялаас чөлөөлж болдог. Энэ талын ойлголтыг өгөөч? -Ялтан эрүүл мэндийн байдлын хувьд өвчин нь ялаас чөлөөлөх өвчний жагсаалтад хамрагдаж байгаа эсэхийг хорихын нэгдсэн эмнэлэгийн эмч нарын зөвөлгөөний шийдвэрийг үндэслэж прокурор шүүх эмнэлэгийн дүгнэлт гаргуулахаар шинжээч томилдог. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр хэрэв тухайн хүний өвчин ялаас чөлөөлөх өвчний жагсаалтад хамаарч байвал прокурор шүүхэд шилжүүлдэг. Н.Энхбаярын өвчин ялаас чөлөөлөх өвчний жагсаалтад орсон эсэх талаар шүүх эмнэлгийн ямар нэг дүгнэлт гараагүй байна. -Энэ хүнийг Клиникийн хоёрдугаар эмнэлэгт олон сар хэвтэж байгаа нь хуульд нийцэж байна уу? -Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 326 дугаар зүйлд давж заалдах шатны шүүхийн магадлалыг уншиж дуусгамагц нэн даруй заавал биелүүлнэ гэсэн заалт бий. Тэгэхээр Н.Энхбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийг нийслэлийн давж заалдах шатны шүүх хянаж шийдвэрээ гаргасан. Яг энэ тохиолдолд шүүхийн шийдвэр шууд хэрэгжих буюу ялтнуудыг хорих ангид хуваарилах, эрүүл мэндийн хувьд шаардлагатай бол хорихын нэгдсэн эмнэлэгт ёстой юм.Гэтэл энэ хүн одоо ч Улсын хоёрдугаар эмнэлэгт хэвтэж байгаа шүү дээ. 2002 онд Хууль зүйн болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан 313 тоот тушаалаар баталсан ялаас чөлөөлөх өвчний жагсаалт, хүнд өвчтэй ялтанд эмнэлгийн бусад байгууллагын туслалцаа үзүүлэх журмын 6.1 дэх хэсэгт “Хүнд гэмт хэрэгт шийтгүүлсэн ялтныг клиникийн эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төв, орон нутгийн нэгдсэн эмнэлэгт шилжүүлж эмчлэхийг хориглоно” гэж заасан байгаа. Гэтэл Н.Энхбаяр болон генерал П.Даш, цагдаагийн хурандаа О.Зоригт нар энэ журмыг зөрчиж, гаднын эмнэлэгт хэвтэж байгааг буруу гэж үзэж байна.Үндсэн хуульд хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байх зарчмыг тунхагласан. Гэтэл хэсэг бүлэг хүмүүст давуу эрх олгож байгаа нь шударга бус. Иймд холбогдох шаардлагыг хорих ангид прокурор тавьж байна. Удахгүй энэ асуудлыг шийдвэрлэх учиртай. -Шүүхээс хорих ял шийтгүүлсэн хүн гадаадад эмчлүүлэх боломж байдаг уу? -Хуулиараа энэ хаалттай, ямар ч боломжгүй зүйл. Ийм зүйлийг зарим хүн хэвлэл, мэдээллийн хэрэгслэлээр ярьж байгаа нь ердөө хүний тархи угааж байгаа зүй бус асуудал. Ярьж буй хүнийх нь эрх зүйн мэдлэгийн түвшинг харуулж байгаа хэрэг. Манайд хорихын нэгдсэн эмнэлэг гэж бий. Яагаад боломжийн үйлчилгээ явуулдаг төрийн эмнэлгийг голж шилээд байгааг ойлгохгүй байна. Үүнийг санаатай, туйлширсан үйлдэл гэж ойлгож байна. Гэхдээ амьдрал баян болохоор хуульд өөрчлөлт оруулж ялтан гадаадад эмчлүүлэх боломж бий болж магадгүй. Үүнийг үгүйсгэх аргагүй. Шаардлагатай мэргэжлийн боловсон хүчин, тоног төхөөрөмж тэнд бүгд бий. Энэ эмнэлэгт тогтоосон журмын дагуу бусад төрөлжсөн, мэргэжлийн эмнэлгээс туслалцаа авч болдог. -Н.Энхбаяр өлсгөлөн зарласнаараа бие нь муудсан гэж эмч нар ярьдаг. Хорих ял эдэлж байгаа хүн өлсгөлөн зарлаж болох уу? -Гэмт хэрэгт мөрдөгдөж цагдан хоригдсон тохиолдолд өлсгөлөн зарлаж болно. Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуульд энэ тухай заасан байдаг. Харин хорих ял эдэлж байгаа хүний хувьд болохгүй. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж хорих ял эдэлж байгаа хүн өлсгөлөн зарлах эрхгүй. -Хадгаламж зээлийн хоршооны хэрэгт хорих ял шийтгүүлсэн Ж.Мэндбаяр нь өлсгөлөн зарласан шүү дээ? -Ж.Мэндбаяр Багануур дүүргийн хорих ангид ял эдэлж байхдаа өлсгөлөн зарласан гэж байгаа. Тэр хүн хорих ангиас тавьсан шаардлагыг биелүүлэхгүй өлсгөлөн зарласан. Энэ утгаараа тэр хүнд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэй байсан. Хууль журамд хорих ял эдэлж байгаа хүн зөвхөн өөрт хамаарах асуудлаар аль ч байгууллагад өргөдөл, хүсэлт гаргах эрхтэй болохоос биш, өлсгөлөн зарлаж бусдыг уруу татаж болохгүй. -Н.Энхбаярыг цагдан хорьсон цагаас эхэлж эрхийг нь зөрчсөн гэж ойр тойрныхон нь мэдээлэл хийсэн. Энэ талаар юу хэлэх вэ? -Н.Энхбаярыг дөрөвдүгээр сарын 13-наас Төв аймгийн Шийдвэр гүйцэтгэх албаны харъяа цагдан хорих байранд анх хорьсон. Тус байр нь Төв аймгийн нутаг дэвсгэрт байдаг учраас Нийслэлийн прокурорын газар хяналт тавиагүй. Харин түүнийг Улаанбаатар дахь цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт шилжүүлж авчирснаас хойш бид хяналт тавьж байна. Хоригдож байх хугацаанд хуульд заасан эрхийг нь хангуулах талаар бид бололцоотой бүх арга хэмжээг авч ирсэн. Ямар ч хууль зөрчсөн асуудал байхгүй. Хэрвээ байвал би хариуцлага хүлээхэд бэлэн. Түүний өмгөөлөгчид нь хүний эрхийг зөрчсөн тухай нэг бус удаа яриад байгаа. 2002 оны Эрүүгийн багц хууль тогтоомж, 1999 онд баталсан Өлсгөлөн зарласан үед эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх заавар, өөр бусад журам бий. Эдгээр 10-13 жил хэрэгжиж байгаа эрх зүйн баримт бичгийг тэд энэ хүнийг баривчилсны өмнө буюу дараа шинээр гаргасан мэтээр ярьж байгаа нь үнэнд нийцэхгүй. Олон жилийн турш бусдад нэгэн адил үйлчилж байсан хууль, журам, хүний эрхийг зөрчиж байгаа бол тухайн үед Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч байхдаа яагаад өөрчилж болоогүй юм бэ гэж асуумаар байна.
Хэн ч бай үнэнийг хэлэх ёстой. 2012 оны тавдугаар сарын 5-ны өдөр Төв аймгийн цагдан хорих байрнаас Улаанбаатар дахь 461 дүгээр ангийн нэгдсэн эмнэлэгт Н.Энхбаярыг авчирсан. Тэр үед прокурорын хяналтан дор Н.Энхбаярыг ар гэрийнхэнтэй нь уулзуулаад, байрлах эмнэлгийн бүх өрөө тасалгааг үзүүлсэн юм. Гэтэл маргааш нь хүү нь би аавтайгаа уулзмаар байна, барааг нь хармаар байна гээд хэвлэлийн бага хурал дээр улаан цайм худлаа хэлсэн. Ингэж ярьж байгаа хүмүүс хүнд юу гэж ч ярьж болно. Тэр байтугай Н.Энхбаяр гэдэг хүнээс хоригдож байгаа нөхцөл байдлын талаар санал гомдлыг нь асуухад нэг ч удаа прокурорт гомдол гаргаж байгаагүй. Эмнэлэгт байх нөхцөл бололцоог тогтоол гүйцэтгэх газар, прокурорын байгууллага бүрдүүлж өгсөн гэдгийг хариуцлагатай хэлье. -Улсын дээд шүүх Н.Энхбаярын төрийн албанд ажиллах эрхийг нь хязгаарласан уу? -Төрийн албанд цаашид ажиллах эрхийг нь хасах тухай нэмэгдэл ялыг энэ хүнд шүүх оногдуулаагүй. -Долдугаар сарын 1-ний гэх хэргээр ял шийтгүүлсэн цагдаагийн дарга нар аль хорих ангид ял эдэлж байгаа вэ? -Ч.Амарболд, О.Зоригт нар Дарь-Эхийн, Ш.Батсүх Амгалангийн хорих ангид ял эдэлж байна. -Ял шийтгүүлсэн генерал, хурандаа нарын цолыг хураана гэсэн яриа гадуур яваад байгаа. Хуульд ийм ойлголт байна уу? -Эрүүгийн хуульд цол хураана гэсэн ял шийтгэл байхгүй. -Н.Энхбаяр, цагдаагийн удирдлагууд бусдын л адил өрөөнд, нэг ижил хоол унд хэрэглэх үү? -Тэд бусадтай л адилхан. Урьд нь хэн байсан нь сонин биш. Нэгэнт хорих ял эдэлж байгаа бол нөхцөлийн хувьд бусад хоригдолтой адилхан байх ёстой. -Асуултаа өөр тийш хандуулъя. УИХ 2002 онд Эрүүгийн багц хуульд өөрчлөлт оруулахдаа хэтэрхий шоронжуулсан, прокурорт их эрх мэдэл олгосон гэж хуулийнхан ярьдаг. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ? -2002 оны Эрүүгийн хуулийг академич С.Нарангэрэл багш шоронжсон хууль гэдэг. Би бол санал нэг байгаа. Уг нь эрүүгийн хариуцлагын зорилгын нэг хэсэг нь гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, цээрлүүлэх, хүмүүжүүлэхэд чиглэсэн байдаг. Гэтэл өнөөдрийн байдлаар ялтныг хүмүүжүүлж чадахгүй байна. Зөвхөн нас баруулахгүй, оргуулахгүй байхад үндсэн ажлаа чиглүүлж ирсэн гэхэд хэлсдэхгүй. Нийгэмшүүлэх ажил хүссэн хэмжээнд хүрэхгүй байна. Төлөвлөсөн ажил зөндөө байгаа ч ялтан нэг бүртэй харилцаж, тэдгээрийн арх гэрийнхэнтэй нь холбоотой ажиллах, нийгэмд зөв хүн болгон төлөвшүүлэхэд хүн хүч дутдаг. Хорих ангиудын даац байх ёстой хэмжээнээсээ хэтэрчихсэн байгаа. 180 хүн байх ёстой хорих ангид 200 гаруй хүн ял эдэлж даац нь 20-30 хувиар хэтэрсэн байгаа. Шинээр байр гаргахаар шорон барилаа гээд шүүмжилдэг. Тийм учраас хуулиа өөрчлөх шаардлагатай юм. 2002 онд Эрүүгийн хууль, тогтоомжид нэлээдгүй өөрчлөлт орсон. Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, түдгэлзүүлэх эрхийг прокурорт олгосон нь чухал ач холбогдолтой болсон. Үүнийг л зарим хүмүүс прокурорын эрх мэдэл их байна гэж ярьдгийг буруу гэж бодож байна. Миний бодлоор мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавьж буй прокурор туйлын хариуцлагатай байх нь чухал. Эрх мэдэлтэй байлаа гээд гол нь шуурхай, шударга, зарчимч, байх шаардлагыг алдагдуулж болохгүй гэж үздэг. -2002 оны хуулийн өөрчлөлтөөр баривчлах ялыг бий болгосон. Ийм ял авсан хүмүүс засрахгүй, харин ч эргээд гэмт хэрэг үйлдэж байна гэх юм? -2002 оны Эрүүгийн хуульд баривчлах ял гэж шинээр орж ирсэн. Баривчлах ялын агуулга зорилго нь одоо хүртэл биелээгүй, үр дүн нь гараагүй. Ийм ял авсан хүн нэгээс зургаан сарын хугацаанд ганцаараа өрөөнд тусгаарлагдаж, ажил хийхгүй зөвхөн хийсэн хэрэгтээ гэмшиж, ухаарах ёстой байдаг. Гарч ирээд сайн хүн болсон байх учиртай. Гэтэл Хонхорт байгаа баривчлан хорих 431 дүгээр ангид нэг өрөөнд 7-8 хүн байгаа. Ганцаарчлан байлгана гэсэн заалт нь бүтэн 10 жил хэрэгжээгүй. Бодит утгаараа хэрэгждэггүй, гадаад орноос хуулбарласан, асар их хөрөнгийг үргүй зарцуулсан ийм ял хэрэггүй болох нь өнгөрсөн хугацаа харуулсан гэж бодож байна. -Прокурорын гүйцэд шалгаж, тогтоосон гэх хэргүүд шүүх дээр очоод нэмэлт мөрдөн байцаалтад буцдаг нь юутай холбоотой вэ? -Янз бүрийн шалтгаан байгаа. Жишээ нь, хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүгчийн хандлага, хэрэгт хяналт тавьсан прокурор, шалгасан мөрдөн байцаагчийн мэргэжлийн түвшин, ур чадвартай холбоотой байхыг үгүйсгэхгүй. Прокурор мөрдөн байцаагчийн мөрдсөн хэрэгт яллах дүгнэлт үйлддэг. Бусдын хийсэн ажлыг хянаад өөрийн болгож шүүх дээр шийдвэрлүүлнэ гэдэг тийм амар зүйл биш. Түүнээс гадна практикт гарч байгаа нэг хүндрэл бэрхшээл нь мөрдөн байцаагчийн дээр байдаг тасаг, хэлтэс, газрын дарга нараас хэрэгт нөлөөлөх асуудал байгаа талаар олон жил ярьж байна. Тэд Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар эрүүгийн хэргийг шийдвэрлэхэд оролцох эрх байхгүй ч дарга гэдэг утгаараа прокуророос илүүгээр даалгавар, чиглэл өгдөг. Ийм ч учраас мөрдөн байцаах албыг бие даалгах, санал санаачлага гарч байгааг дэмждэг. -Гэхдээ Монголд прокурор хэргийг хэрэгсэхгүй болгож байхад АНУ-д шүүх хэрэгсэхгүй болгож байна. Үүнээс болоод шийдвэрийг аль аль талдаа хүлээн зөвшөөрдөггүй гэж дуулсан? -Тийм учраас гэмт хэрэгт холбогдсон хүний гэм буруутай эсэх асуудлыг шүүх шийдвэрлэдэг байвал зүгээр юм. Тэгвэл амар. Тэгэхгүй болохоор прокурор хэргийг хэрэгсэхгүй болгохоор янз бүрийн хардлага, сэрдлэг дагуулаад байдаг. -Хорихын ажилтнууд хүн зоддог, дарамталдаг асуудал гарсаар байна. Үүнийг хэрхэн зогсоох вэ? -Юуны өмнө албан хаагчдын эрх зүйн мэдлэгийг сайжруулах шаардлагатай байна. Ялангуяа олон жил хорих ангид ажилласан албан хаагчдыг. Хорихын албан хаагчид зөрчил гаргах тохиолдол нэлээд бий. Арга хэмжээ авч, ажлаас нь халдаг, оронд нь хүн ирж л байдаг. Ялгаа байхгүй л байна. -Голчлон хорих ангийн ажилтнууд ямар зөрчил гаргаж байна? -Албан хаагчид ялтны эрх чөлөөнд халдах, тэднийг зодож гэмтэл учруулах, хууль бусаар чөлөө олгож явуулснаас ялтан архи уух, оргох, гэмт хэрэг үйлдэх тохиолдол зонхилон гарч байгаа. -Хорих ангиудыг камержуулснаар үр дүн гарч байна уу? -Энэ маш үр дүнтэй арга хэмжээ болсон. Камержуулсны дараа хууль зөрчих тохиолдол илт буурсан. Гэхдээ камерын хангалт тийм ч сайн биш байна. -Хорих ангиудыг нэгтгэх нь зөв үү. Нэгтгэвэл ямар ач холбогдолтой вэ? -Хууль зүйн салбарын шинэчлэлийн хүрээнд энэ асуудлыг ярьсан. Улаанбаатарыг тойрсон 12 хорих ангид 3000 орчим хүн ял эдэлж байна. Тал тал тийшээ тарсан хорих ангиудыг хот орчимд нэгтгэж, нэгдсэн хяналтанд байлгана гэдэг олон талын ач холбогдолтой. Нийслэлд нэгээс хоёр хорих анги байхад хангалттай. Прокурорын хяналт ч сайжирна.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ