“МАХН-ын гишүүд нэгдэх хүсэлт гаргавал татгалзахгүй”
УИХ-д МАН-аас сонгогдсон гишүүдийн хуралдаанаар өнөөдөр хэлэлцсэн асуудлын талаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр дараахь асуултад хариулт өглөө.
-МАН-ынхан энэ долоо хоногийн чуулганы хуралдаанд оролцох уу?
-Хэрэв хоёр намын зөвшилцөл урагштай байвал чуулганы хуралдаанд оролцоно.
-Өвөрхангай аймгаас сонгогдсон гишүүдийн асуудалд МАН ямар байр суурьтай байгаа вэ?
-Мэдээж эрх зүйн маргаанууд дуусаагүй учир эцсийн шийдийг харах хэрэгтэй. Таван гишүүнийг хэсэгчилж тангараг өргүүлнэ гэсэн байр суурьтай байгаа.
-Бондод хяналт тавих талаар ярилцав уу?
-Бонд нь өөрөө их хэмжээний өр. Бид сүүлд авсан 1.5 тэрбум долларын хүүнд өдөрт 270 сая төгрөг төлж байна.Өмнө нь байсан 580 сая ам. долларын өрөнд120 сая төгрөг төлж байна. Өөрөөр хэлбэл, өдөрт 400 саяыг алдаж байна. Мөн Засгийн газар Монголбанкнаас 2 их наяд төгрөгийн дотоод зээлтэй байгаа. Ингэхээр эдийн засаг дахь өрийн дарамт нэмэгдэж байна. Гэтэл энэ мөнгийг хаана ,юунд, эдийн засгийн үндэслэлтэй зүйлүүдэд хэрхэн зарцуулах вэ гэдэг нь тодорхой бус байгаа. Үүнд МАН-ын гишүүд хяналт тавьж ажиллана. ингэхийн тулд эхний ээлжинд бүлэгтэй болох асуудалд АН-тай зөвшилцөнө.
-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийг хэрхэн хүлээн авч байна вэ?
-Зөвлөмж маш зүйтэй гарсан. Гэхдээ яг юунд зарцуулах нь тодорхой бус байгаа нь гол асуудал болоод байна. Тиймээс энэ бол Монгол улсын асуудал учир анхааралтай хандах хэрэгтэй.
-МАН-МАХН хоёрын нэгдэн бүдүүн бүлэг байгуулах талаар яриа байна. Энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?
-Улс төрийн маш олон хувилбарууд байгаа. Тиймээс үүнийг үгүйсгэх аргагүй. Хэрэв МАХН-ын бүлэг албан ёсоор хамтран ажиллах хүсэлт гаргавал бид хамтарч ажиллах болно.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ