
Монголын Үндэсний Олимпийн Хорооны чуулган энэ сарын 19-ний өдөр Улаанбаатар хотноо болно. МҮОХ-ны дүрмийн дагуу Монгол Улсад Олимпийн хөдөлгөөний удирдах дээд байгууллага Монголын Олимпийн Чуулганы товыг хурал эхлэхээс гурван сарын өмнө зарласан юм. Уг чуулганд Монголын Үндэсний Олимпийн Хорооны гишүүд, спортын холбоо бүрээс тус бүр нэг төлөөлөгч оролцож, ирэх дөрвөн жилд Олимпийн хөдөлгөөнийг удирдах Ерөнхийлөгч, гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг сонгоно. Монголын Үндэсний Олимпийн Хорооны гишүүн гэдэгт спортын холбоодын төлөөлөл тус бүр нэг хүн, ОУОХ-ны гишүүн, хүндэт гишүүн, сүүлийн гурван удаагийн олимпийн наадамд оролцсон тамирчдын төлөөлөгч хоёр хүн, олимпийн наадмын медальт тамирчдын төлөөлөгч хоёр хүн тус тус багтдаг ажээ. Дашрамд дурдахад МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн ерөнхийлөгч Д.Загдсүрэн, тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Баясгалан, Жүдо бөхийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Дорлигжав нар албан ёсоор нэрээ дэвшүүлээд байна.
Ц.Ганбат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ