
Польшийн 5 дахь ерөнхийлөгч Войцех Ярузельский хүнд байдалтай эмнэлэгт хүргэгджээ. Түүний гэргий лхагва гаригт ингэж мэдээлсэн байна. “Тэр их цус алдсан. Биеийн байдал хүнд байгаа” гэж Барбара Ярузельская эндхийн сэтгүүлчдэд хэлжээ. Түүний дурдсанаас үзвэл, хуучин ерөнхийлөгч одоо эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа гэнэ. Генералын охин Моника Ярузельская Польшийн хэвлэлийн агентлагт өгсөн ярилцлагадаа сүүлийн өдрүүдэд эцгийнх нь хамраас нэлээд байнга шахуу цус гарч байсныг мэдээлжээ, учир нь зүрхний үйл ажиллагааг дэмжигч аппараттай 89 настай генерал цус шингэлэгч тусгай эм бэлдмэл хэрэглэдэг байна. Өмнө нь ийм байдлыг гэрийн нөхцөлд аргалчихаад байдаг байсан бол, энэ удаа түргэн тусламж дуудахаас аргагүй болсон юм гэж охин нь хэлжээ.
Яг 31 жилийн өмнө 1981 оны арванхоёрдугаар сарын 12-нд ерөнхийлөгч Войцех Ярузельскийн шийдвэрээр Польшид дайны цагийн байдал тогтоож, 1983 онд л дууссан дарангуйллын бараг гурван жилийн хугацааны эхлэлийг тавьсан билээ. Энэ хугацаанд польшийн тусгай албадынхан сөрөг хүчний 3 мянга орчим хүн, тухайлбал “Эв санааны нэгдэл” ҮЭ-ийн удирдлагын бүх гишүүн, түүнчилэн түүнийг үндэслэгч бөгөөд удирдагч Лех Валенсаг баривчилж, нутаг заасан юм. Ярузельский 1992 оны арванхоёрдугаар сард сеймийн комисст үг хэлэхдээ, энэ алхамын хариуцлагыг хүлээж байгаагаа мэдэгдсэн юм. Сүүлийн жилүүдэд тэр энэ хэргийн гол хариуцагчаар тооцогдож байсан ч, биеийн байдлаас болоод, шүүх ажиллагаанд оролцохгүй байгаа ажээ. Өнгөрсөн оны гуравдугаар сард түүнээс тунгалгийн эдийн хавдар илэрч, одоо тэр химийн эмчилгээ хийлгэдэг байна.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ