
Нийслэлийн Засаг даргын 2012 оны есдүгээр сарын 11-ний өдрийн А/558 дугаар захирамжийн дагуу 2012-2013 оны халаалтын улиралд дулаан хангамжийн даралтын хүрэлцээ муу, нэмж барилга холбоход хүндрэлтэй, дулааны эх үүсвэрээс алслагдсан, өндөрлөг цэгт байрласан 3, 4, 12, 13, 15, 16 дугаар хороолол, Зайсан, 40 мянгат орчимд баригдсан доорхи 87 барилгад “Дулааны техникийн нөхцлийн зөвшөөрөл” олгохгүй бөгөөд дулааны холболтын зөвшөөрөлгүй барилга, байрыг худалдан авах, захиалга хийж хохирохгүй байхыг холбогдох албаныхан сэрэмжлүүлж байна.
Зөвшөөрөлгүй баригдсан барилгуудыг хулгайгаар төвлөрсөн дулаанд холбосоноос ойролцоох барилга байгууламжийн халаалт доголдох, хөлдөх нөхцөл байдал үүсэх тул ойролцоо байрлах барилга байгууламжийн шугам тоноглолоос зөвшөөрөлгүй дулааны холболт хийхгүй байхыг барилгын компаниудад анхааруулж байна. Зөвшөөрөлгүй холболт хийснээс үүсэх эд хөрөнгийн болон бусад хохирлыг хууль зөрчсөн байгууллагууд хуулийн дагуу бүрэн хариуцна.
Өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүргийн иргэн Ч.Ичинхорлоогийн барьсан 11 давхар орон сууцны барилга, иргэн Алтансүхийн барьсан 1 орцтой 12 давхар барилгууд хулгайгаар дулааны холболт хийсэн байсныг таслан зогсоожээ. Мөн 40 мянгатад “MGCC” компанийн барьсан 10 давхар орон сууцны барилгын дулааныг таслахаар болсон байна.
Дулааны техникийн нөхцөл зөвшөөрөлгүй баригдаж буй барилгын жагсаалт энд дарж үзнэ үү
СЭТГЭГДЭЛ БИЧИХ