
Хүсэл сонирхолоо өөрийн амьдралын нэгээхэн хэсэг болгож чадсан нэгэн уран бүтээлчийн үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгджээ. Тодруулбал, зураач Д.Батбилэгийн “Are you ready” нэртэй энэхүү үзэсгэлэнг сонирхож явахад түүнийг рок поп, эстрад урлагийн “улаан фанат” гэж хэлмээр санагдсан. Уг үзэсгэлэнд 26 тосон будгийн зураг, 500 гаруй хөгжмийн ном, 200 гаруй пянз дэлгэгдсэнээс гадна Michael Jackson, Rolling Stones, Elvis Presley, Queen зэрэг хөгжмийн ертөнцийн домог болсон уран бүтээлчдийн хөргийг бийрийн үзүүрээр “амилуулжээ”. Тэдгээрийн дунд дэлхийд цөөн тоогоор хэвлэгдэж, өндөр үнээр борлогддог алтан пянзнууд ч харагдсан. Тэрээр энэ үзэсгэлэндээ дэлхий даяар хитэд 50-аас дээш долоо хоног тэргүүлсэн 300 гаруй уран бүтээлчдийн пянз болон тэдгээр пянзтай холбоотой бүхий л мэдээлэл, сонин хэвлэлд нийтлэгдсэн ярилцлага, нийтлэлүүдийг нь дэлгэн тавихын зэрэгцээ зарим уран бүтээлчдийн хөргийг өөрийн гараар урласнаараа онцлог байв. Түүнчлэн рок, поп, сонгодог урлагийн нэвтэрхий тольнуудаас эхлээд, урлаг соёлынхны тухай нийтэлсэн сонин хэвлэлүүдийн арвин их цуглуулгаасаа ч дээжлэн тавьсан байх юм. Хамгийн сонирхол татсан нэг бүтээл нь үзэсгэлэнгийн танхимын 1000 ам.метр талбайг бүхэлд нь бүрхсэн сонин хэвлэл.. Энэ нь бас л түүний цуглуулга. Хамгийн эртнийх нь гэхэд л 1939 оны Daily news сонины үнгэгдэж шарласан нэгэн дугаар байна лээ. Түүний хувьд мэдээллийн гол эх сурвалж нь “Геннис”, “Виржин”-ээс эрхлэн гаргадаг хит цомгуудын жагсаалт. Тэдгээр нь гурван жилд нэг удаа шинэчлэгддэг бөгөөд тэрхүү жагсаалтаас харж байгаад чартад тэргүүлсэн пянзнуудыг эрэн сурвалжилж цуглуулгаа баяжуулдаг байсан аж. Үзэсгэлэнгийн танхимд попын хаан Майкл Жексонд хүндэтгэл илэрхийлэх тусгай буланг бэлтгэжээ. Энэ булангийн нэгэн хананд түүний зурсан Майклын хөрөг дээр хүссэн хүн бүхэн гарын үсгээ зурж үлдээх боломжтой аж. Түүний 30 гаруй жилийн хөдөлмөр шингэсэн энэхүү үзэсгэлэн энэ сарын 29 хүртэл үргэлжлэх юм байна.















П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ