Лаатай их хотынхон

img

Цэцэн ховдог галаа, тэнэг ховдог тогоогоо гэсэн үг бий. Ахмад үеийнхэн маань аргагүй л алсын хараатай байж. Тэд Монгол Улсын эрчим хүчний салбарын хөгжлийг төлөвлөгөөт эдийн засгийн үед бүтэн хоёр арванаар түрүүлж хөгжүүлжээ. Нийслэлд гурав, дөрөвдүгээр Дулааны цахилгаан станцыг барьж ашиглалтад оруулсан нь хүн амын хурдацтай төвлөрөл, их барилгажилтын эмх замбараагүй тэлэлтийг урьдаас зөгнөсөн ч юм шиг. Ирээдүйг эш үзүүлсэн бошигт өгүүлснээр энэ цаг дор дөрвөн уулынхаа дунд хүнээр, шавраар дүүрсэн Улаанбаатарт эрчим хүчний үйлдвэрлэл өдийг хүртэл нийслэлчүүдийг цахилгаан, дулаанаар чадан ядан хангасаар ирэв. Харамсалтай нь өдөр шөнөгүй баригдах өндөр барилгуудын тоо нэмэгдсээр байсан ч цахилгаан станцын чадал чансаагаа сайжруулсангүй.

Манай улсын эрчим хүчний нийт суурилагдсан хүчин чадлын хэмжээ хойд хөршөөс авч байгаа цахилгаантай нийлээд 918 мВт юм байна. Энэ нь эдийн засгийн 17 хувийн өсөлттэй харьцуулбал аманд ч үгүй, хамарт ч үгүй гэсэн үг. Яахав 2011 оны тоон үзүүлэлтээр бол 21 аймаг, 314 сум эрчим хүчний системд холбогдсон, 19 сум бие даасан эх үүсвэртэй гэсэн дүн мэдээ байна. Товчхондоо хот суурин газрын хүн амын 99,5 хувь нь цахилгаанаар хангагджээ. Гэсэн ч их хотын захын хорооллуудад тог тасарч, лаа шүдэнзний эрэлд мордох нь энүүхэнд болов. Лав л хотын 21 дүгээр хороолол буюу троллейбусны эцсийн буудал, ханын материалын комбинат орчмын айл өрхүүд хоногт хоёроос доошгүй цагаар цахилгаанаа хязгаарлуулж байна. Хотын 13 дугаар хороолол, цаашилбал долоон буудал, Бэлхэд аль халуун намраар тог тасарч байсан. Жил болгон л Засгийн газар, хотын захиргааны төвшинд нөөцийн мах, нийтийн тээвэр, зам засварын ажлын асуудал харанга дэлдэж, эрхэм гишүүдээс эхлээд их хотын тогоо руугаа өнгийгөөд байснаас бус гал голомтоо өөд татах талаар дорвитой арга хэмжээ авсангүй. Дөрвөн жилийн настай засаг нүүр тахлах үүднээс хоёр цахилгаан станцаа тордож, хойд хормойгоороо урд хормойгоо нөхсөөр өдий хүрэв.

Сүүлчийн жишээ гэхэд дөрөвдүгээр цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 100 мВт-аар өргөтгөх төслийн хүрээнд ОХУ-ын Уралын турбины заводоос 70 сая ам. доллараар уурын турбин худалдан авахаар боллоо. Ингэснээр жилдээ цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл 500 сая гаруй кВт.цаг, дулааны үйлвэрлэл 400 мянган Гкал/цагаар нэмэгдэх юм байна. Ухаандаа шинэ эх үүсвэртэй болтол 2014-2015 оны ид ачааллыг ардаа хийхээр төлөвлөжээ. Гэтэл гэр хороололд цахилгаан түгээх дэд станцуудын тоног төхөөөрөмж хэдийнэ хуучирч, гарын ая даахааргүй болж. Иймээс тэдгээрийг шинэчлэхэд нийслэлийн төсвөөс 550 сая төгрөг гаргана. Мөн дулаан хангамжийн чадлын хомсдлыг арилгах зорилгоор Амгалан дахь “УС-15”-ыг түшиглэн 250 Гкал/ц хүчин чадалтай дулааны станцыг 18 сарын хугацаанд барихаар болж байгаа. Техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулахад шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргах юм гэсэн. Энэ эрээвэр хураавар зардлууд нийлээд ДЦС-5-ын ТЭЗҮ-ийг хоёр дахин хийж, шавыг нь тавих хэмжээний хөрөнгө болж байгаад мэргэжилтнүүд харамсаж байна.

Арван жил цаасан дээр яригдсан эрчим хүчний тав дахь эх үүсвэрийг эртхэн барьж эхэлсэн бол  450 мВт цахилгаан, 587 Гкал/цаг дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай станцын ядаж нэгдүгээр ээлж ашиглалтад орох хугацаа дөхөж байхсан. Өмнөх Засгийн газрын өнгөнд 100 мянган айлын орон сууц хөтөлбөр, зургаан хувийн хүүтэй моргейжийн зээлээр ард түмнийг их горьдоосон. Угтаа бол дороо галгүй тогоон дотор 100 мянган айлын амьдрал буцлах нь Мянгуужингийн үлгэр байж. Өнөөдөр телевизийн дэнжид гэхэд гурван өндөр барилга тог ч байхгүй, дулаан ч байхгүй хөндий хоосон хэвээр. “Олимп” хотхоноос эхлээд 100 орчим барилга эрчим хүч нэхэж байна. Гэр хорооллынхон галаа түлээд, лааны гэрэлд дулаахан суугаа ч орон сууцны зарим айл өрхүүдийн халаалт тааруу, зутруухан өвөлжиж байгаа нь нууц биш. Ерээд оны үед гэртээ үстэй дээл нөмрөөд, тог тасрахыг хүлээн лаагаа зэхээд сууж байдаг тэр дүр зураг XXI зууны Монголын нийслэлийн айлуудын хаалгыг тогшиж байгаа нь харамсалтай. Одоо тэр үеийн цахилгаан хязгаарлах цагийн хуваарийг Улаанбаатарт мөрдөж эхлээд байна.

Саяхан зургаан нэрийн барааны нэг жижигхэн дэлгүүрээр ороход лаа байсангүй. Хүмүүс арванхоёрдугаар сарын 21-ний өдрийн далд айдаст хөтлөгдсөндөө ч бус, ер нь тог тасрах вий гэсэн битүүхэн түгшүүрт автан лаа, шүдэнзээ базаах болсон гэж худалдагч бүсгүй ярьж байна. Ийм янзаар их хотынхон олон өвлийг өнгөрөөхгүй л болов уу. Загасчны морь усгүй гэдэг шиг бид хар алтан дээрээ сандайлаад гал царай алдсан гуйлгачин маягаар амьдрах гэж үү. Эрчим хүчний салбарынхны хэлж буйгаар зөв бодлого барьж ажиллах юм бол нүүрсний томоохон уурхайнуудаа түшиглээд цахилгаан станц барьж, бүр гадаад орнуудад экспортлох боломж байгааг ч онцолж байна.

Монгол Улсын дулааны шугам сүлжээний тоноглолын зөвлөх инженер Д.Самдан гуай, нийслэлийн хэмжээнд төвлөрсөн цахилгаан, дулааны хангамжтай зургаан дүүргийг гурван Дулааны цахилгаан станц хангаж байна.  Түүний 70 хувийг ДЦС-4 нуруундаа үүрдэг. Сүүлийн 25 жилд их хотын дулаан, цахилгааны хангамжийн эх үүсвэрийг нэмсэнгүй. Аль 1988 онд хуучин ЗХУ-ын нэг институтэд боловсруулсан Улаанбаатар хотын эрчим хүчний хангамжийг 2010 он хүртэл хөгжүүлэх бүдүүвч тойм зураглалаар л явж байна шүү дээ. Төмөр зам, хөдөө аж ахуй, боловсрол гээд бүхий л салбарт хөрөнгө оруулалт хэрэгтэй байх. Гэхдээ эхлээд хаана нь чухал шаардлагатай байгааг бодолцох учиртай. Миний бодоход эрчим хүчний салбарыг өмнөө тавихгүй бол бүх салбар цахилгаан, дулаанаар гачигдана. Ялангуяа дулаан хангамжийн аюулгүй ажиллагаа, технологийг боловсронгуй болгохгүй бол өнөөдөр энэ шугамд гэмтэл саатал гарахад хот тэр аяараа хөлдөх аюул нүүрлэнэ гэсэн нь чихний хажуугаар өнгөрөөх үг яавч биш.

Дөрвөн жилийн өмнө Дэлхийн банкнаас судалгаа хийж, эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болохгүй бол 2012 он гэхэд цахилгаан, дулааны нийлүүлэлт өсөн нэмэгдэж байгаа хэрэглээгээ хангаж чадахгүй гэж манай Засгийн газарт анхааруулсан юм билээ. Тэгэхэд төвийн эрчим хүчний системийн хэрэглээ даруй 3,5 хувиар нэмэгдэх тооцоо гарсан юм. Өдгөө тэр анхааруулгыг умартсан засгийнхаа “буянаар” их хотынхон галгүй тогоон дотор хоног төөрүүлэхэд ойрхон байна.

Г.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

elbegdorj:
Лаатай baigaa n ih yum
2012-12-15
battulga guai minee tomor zam gej seruun zuudelj bhaar zasmal zamaar buh aimgiinhaa tovuudiig UB-tai holboochee.
2012-12-14
zochin:
unen sain yum bichsen baina Boloroo amjilt husie
2012-12-14