“Хүйн хэвлэл мэдээлэл хүй олны хөгжлийн төлөө”

img

Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд өнөөдөр 14 цагт “Хүйн хэвлэл мэдээлэл, хүй олны хөгжлийн төлөө” нөлөөллийн семинар болно. Энэхүү семинарыг  “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага, Монголын Хүйн радиогийн холбооноос ЮНЕСКО-гийн Бээжин дэх Төлөөлөгчийн газар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар хамтран зохион байгуулж байгаа аж. Хэл, соёл, зан заншил, шашин, тодорхой нэг нутаг дэвсгэрт оршин суудаг гэх мэт өөр хоорондоо ямар нэг байдлаар хүйн холбоотой хүмүүсийн нийтлэг ашиг сонирхолд үйлчилж, тэдгээр иргэдийн оролцоотойгоор үйл ажиллагаагаа явуулдаг ашгийн бус хэвлэл мэдээллийг хэрэгслийг “Хүйн хэвлэл мэдээлэл” (Community media)  гэж нэрлэдэг. Ардчилсан нийгэмд өргөн нэвтрүүлгийн олон талт байдал, олон ургальч үзлийг хөхиүлэн дэмжихийн тулд олон нийтийн, арилжааны, хүйн өргөн нэвтрүүлгийн гурван хэлбэрийг хүлээн зөвшөөрдөг. Манай улсад энэ гурав зэрэгцэн оршиж байгаа ч хүйн хэвлэл мэдээллийн тогтвортой ажиллагааг дэмжсэн эрх зүй, эдийн засгийн орчин дутмаг байна. Хүйн хэвлэл мэдээлэл нь иргэдийн оролцоонд тулгуурлан үйл ажиллагаа явуулдгаараа онцлог, өвөрмөц шинж чанартай тул ардчилсан орнуудад төрийн ивээл, олон нийтийн дэмжлэг дор байж, ардчиллын соёлыг хадгалан бэхжүүлэхэд чухал. Хүйн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, тэр дундаа хүйн радиотой газруудад тэдгээр нь иргэдийн оролцоог хөхиүлэн дэмжих, соёл, хэлний олон талт байдлыг бэхжүүлэх, ядуу, эмзэг бусад бүлгүүдийн дуу хоолойг хүргэхэд онцгой, шийдвэрлэх үүрэгтэй. Иймд нийгмийн үр нөлөөг дээшлүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хүй олныг хөгжүүлэх, мэдээлэл олж авах боломжийг бүрдүүлэхүйц хүйн хэвлэл мэдээллийн орчинг бүрдүүлэхийн тулд шийдвэр гаргах түвшний төлөөллийг оролцуулсан нөлөөллийн семинар зохион байгуулахаар болсон аж. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ