
МАХН-ын дарга Н.Энхбаярт холбогдуулж буй хэргийн хяналтын шатны буюу Дээд Шүүхийн хурал болж өнгөрлөө. Энэхүү үйл явдлыг Монголд төдийгүй, гадаад ертөнцөд анхааралтай ажиглаж, эхний дүгнэлтүүдээ гаргажээ. Дэлхийн нэр хүнд бүхий мэдээллийн агентлагууд төдийгүй, Н.Энхбаяр даргатай биечлэн уулзах, үйл явдлыг сурвалжлах зорилгоор Америкийн нэр хүнд бүхий Wall street journal-ын тусгай сурвалжлагч Alex Frangos Улаанбаатарт ирж, Н.Энхбаяраас авсан ярилцлагаа “Монголын экс удирдагч шоронгоос ярьж байна” гэсэн гарчигтай нийтэлсэн байна. Тэрээр “манай улсад хэлмэгдүүлэлт газар авч байна, энэ хэвээр үргэлжилбэл улам гүнзгийрч аюултай байдалд орно” гэсэн байр суурийг бодитоор хүргэсэн төдийгүй, Н.Энхбаярт наалдуулж буй хилс хэргээс улбаатай эхний үр дагавар нь Монголын Засгийн газрын бондын ханш унасан явдал гэдгийг тэмдэглэсэн байна.
Мөн Asia Times сэтгүүлд Хонолулу дахь Ази, Номхон далайн аюулгүй байдлын судалгааны сургуулийн профессор, доктор Жеффри Рийвсын “Монгол улс буруу замд хөл тавьж байна” гарчигтай нийтлэл гарсан байна. Тэрээр “ Н.Энхбаярт ял оноосон нь Монгол Улсын шүүх эрх мэдэл олонхи болсон улс төрийн хүчнээс хамааралтай болохыг харуулж байна. Н.Энхбаярт ял шийтгэл оноосон явдал нь нийгмийн эрх мэдэл бүхий хэсэг нь бие даасан гэх институцуудыг улс төрийн зорилгоор ашиглах боломжтой гэдгийг харуулж байна” хэмээн дүгнэжээ. Мөн доктор Рийвс ” Ихэнх монголчуудын хувьд улс төрийн захиалгатай гэж тооцогдож байгаа Н.Энхбаярт холбогдуулсан гэмт хэргийг удирдан зохион байгуулсан авлигын эсрэг хараат бус Монгол улсын байгууллага нь авлигатай тэмцэх чадваргүй гэдгээ дахин нотолсон” гэж шулуухан хэлжээ.
Энэ асуудлыг хойд хөрш ОХУ-ын хэвлэл мэдээллийхэн ч тойрсонгүй. Тэдний үзэж буйгаар “Барууныхан Монголд үүсч болзошгүй улс төрийн тогтворгүй байдалд санаа зовниж байна”, “Монголын талын төлөөх тулаан эхэллээ” зэрэг нийтлэлийг нэр хүнд бүхий “Власть” сэтгүүлд нийтэлжээ. Ер нь олон улсын хэвлэл мэдээллээр цацагдаж байгаа мэдээллийг дүгнэхэд Монголын шүүх тогтолцооны хараат бус байдалд гадаад ертөнц эргэлзэж байна, Монголын дотоод улс төрийн тэмцэл эрх зүй, ардчиллын хэм хэмжээнээс хальж, байгаа, энэ нь эцсийн дүндээ Монголын улс төрд тогтворгүй байдал үүсгэж болзошгүй, Монголын албан ёсны эх сурвалжууд үнэн бодит мэдээлэл өгч байгаад эргэлзсэн, тийм ч учир Монгол улсын санхүүгийн итгэл даах чадварт эргэлзсэн ерөнхий дүр зураг ажиглагдаж байна.
Улс төр судлаач
Л.Эрдэнэтуул
СЭТГЭГДЭЛ БИЧИХ