40-өөс дээш настай иргэдийг ажлын байраар хангавал дэмжинэ
Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл ээлжит хуралдаанаа хийж, хэд хэдэн хөтөлбөрүүдийг шинэчлэн баталжээ. Тухайлбал, хөдөлмөр эрхлэлтийн сургалт зохион байгуулах, малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнийг дэмжих, ажил олгогчийг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зэрэг хөтөлбөрүүдийг шинэчилсэн байна. Түүнчлэн “40-өөс дээш насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”, “Эзэнтэй Монгол хөтөлбөр”-ийг шинээр боловсруулан хэлэлцүүлсэн аж. Хөтөлбөрийн гол зорилго нь нарийн мэргэжил эзэмшсэн энэ насны иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, ажил хөдөлмөр эрхлэх санал, санаачлагыг дэмжих, зах зээлд шаардлагатай ур чадварыг бий болгох багц үйлчилгээ, арга хэмжээ үзүүлэх аж. Ингэснээр мөн 40-өөс дээш настай иргэдийг ажлын байраар хангасан аж ахуйн нэгжийг дэмжих боломжтой болох юм байна. Харин “Эзэнтэй Монгол" хөтөлбөрийн хүрээнд байгалийн гамшиг, аюулт үзэгдлийн улмаас үүдсэн хог хаягдал, эвдрэл сүйдлийг нөхөн сэргээх зэрэг үйл ажиллагаанд хөдөлмөр эрхлээгүй, ажил хийх боломжтой иргэдийг хамруулан, орлоготой болгох ажлыг орон нутагт зохион байгуулж хэрэгжүүлэх аж. П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ