
Гадаад харилцааны сайд Л.Болд Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд О.К.Нурбаевыг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзаж, үдийн зоог барив.
Уулзалтын үеэр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд идэвх зүтгэл гаргаж, хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийлээд, ноён Элчин сайд цаашид ч хоёр орны харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарч ажиллана гэдэгт найдаж байгаагаа тэмдэглэв.
Сайд Л.Болд, Элчин сайд О.К.Нурбаев нар хоёр орны харилцаа, түүний дотор эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд Монгол, Казахстаны ЗГХК чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж буйгаа дурдаж, уулзалтыг ойрын үед зохион байгуулахын чухлыг тэмдэглэв.
Сайд Л.Болд Улаанбаатар хотод байгуулагдах Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төвийн бүтцэд Казахстан Улс нэгдэж, Монгол Улстай нягт хамтран ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ