Эмийн санд цахим картаар үйлчлүүлнэ

img

"Эмийн жор бичилтийг сайжруулж, зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд эмч, эм зүйчид хамтран ажиллаж, туршлага солилцъё" сэдэвт ажил мэргэжлийн уралдаан өчигдөр МҮЭСТО-д болсон юм. Уг арга хэмжээг ЭМЯ, НЭМГ, Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн "Эм" холбоо хамтран анх удаа зохион байгуулсан бөгөөд нийслэлийн есөн дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн эмзүйч, эмч нар оролцож ур чадвараа сорив. Энэ үеэр ЭМЯ-ны эм, эмнэлгийн хэрэгслийн хэлтсийн эмийн зохистой хэрэглээ хариуцсан мэргэжилтэн М.Уранчимэг яамны зүгээс энэ салбарт хийж хэрэгжүүлж байгаа болон хийхээр төлөвлөж буй ажлаа танилцууллаа. ЭМЯ, БШУЯ хамтран ажиллах хүрээнд ЕБС-ийн багш нарт эмийн зохистой хэрэглээний талаар DVD, CD хичээл өгсөн бөгөөд ирэх хичээлийн жилээс ЕБС-ийн сурагчдад эмийн зохистой хэрэглээний талаар хичээл ордог болох аж. Цаашид даатгалын сангаар дамжуулан цахим картаар эмийн сангаар үйлчлүүлдэг болсноор эмийн зүй зохисгүй хэрэглээг зохицуулж болно гэж үзэж байгаа гэнэ. Мөн эмийн санч, эмч, иргэн нягт уялдаатай хамтарч ажиллаж, эмч нь жор бичилтээ сайжруулж, эмийн санчид жороор эм олгосноор иргэд өвчиндөө таарсан эмийг зөв зохистой хэрэглэдэг болно гэж албаныхан үзэж байна. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ