
Зургаадахь удаагаа болсон Богдхан хайрханы хишиг барилдаанд улсын заануудаар магнайлуулсан хүчит 256 бөх барилдсанаас Увс аймгийн Ховд сумын харьяат, аймгийн арслан Н.Батсуурь найм даван түрүүлж, Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат улсын начин Ду.Батбаяр долоо даван үзүүрлэлээ. Түрүү бөх Н.Батсуурийн хувьд аймгийн арслан Б.Ганхуяг, улсын харцага А.Бямбажав, А.Цацабшир, Ц.Содномдорж, улсын начин Ц.Одбаяр, Ду.Батбаяр нарын шилдэг хүчтэнүүдээр найм давсан юм. Тэрээр улсын начин Ж.Гэлэгийн ач, улсын харцага Г.Намсрайжавын хүү нь бөгөөд аавынх нь төрсөн ах Г.Даваасамбуу ч улсын начин цолтой билээ.
Шөвгийн дөрөвт Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, өмнөх жилийн тус барилдааны үзүүр бөх улсын начин Ц.Одбаяр, Увс аймгийн Тэс сумын харьяат бөх, аймгийн арслан Т.Баасанхүү нар шалгаран үлдэв. Харин шөвгийн наймд улсын заан Б.Соронзонболд, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, Ц.Содномдорж, улсын начин Б.Батмөнх нар үлдлээ.
М.Бүүвэй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ