
ОХУ-ын Тюмень хотноо жүдогийн эрэгтэйчүүдийн 66 кг-ийн хамаг шилдгүүд хуран чуулж, өндөр шагналын төлөө хүч чадлаа сорин өрсөлдлөө. ДАШТ-ээс хүрэл медаль зүүж, дэлхийн чансааг толгойлж буй Муса Могушков тус хотын уугуул иргэн тул
"ECCO Judo Hero Challengе" нэртэй энэхүү тэмцээнийг Могушковт зориулсан гэлтэй.
Тюменийн тэмцээнд нэр заан уригдсан 2009 оны дэлхийн аварга, Афин-2004 олимпийн хүрэл медальт, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар шөвгийн наймд Словенийн жүдоч Рок Дракшичтэй үнэлгээ авалцаагүй тул шүүгчийн саналаар дийлджээ. Улмаар тэмцээний аваргаар Дракшич тодорч 30 мянга, финалын барилдаанд түүнд 20-хон секундэд дийлдсэн Испанийн Сугой Уриарте 20 мянга, тэмцээний эзэн Могушков 10 мянган еврогийн шагнал хүртлээ. Лондон-2012 олимпийн мөнгөн медальт Миклош Унгвари дөрөвдүгээр байрт шалгарсан бол мэс засал хийлгээд хоёр сар болж буй олимпийн аварга Лаша Шавдатуашвили Тюменьд очсон ч дэвжээнд гараагүй байна.
Бас нэгэн мэдээлэл дуулгахад Муса Могушков дахин 66 кг-д зодоглохгүй, жин 73 кг-д барилдана гэдгээ энэ үеэр мэдэгджээ.
Ц.Ганбат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ