Эх нярайн тусламжинд зайн оношлогооны дэмжлэг үзүүлэх тайланг хэлэлцлээ

img

Люксембургийн Их Гүнт Улсын дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй Зүрх судасны төв болон эх нярайн тусламжинд зайн оношлогооны дэмжлэг үзүүлэх төслийн удирдах зөвлөлийн гуравдугаар хурал хуралдаж, төслүүдийн тайланг авч хэлэлцлээ. Зүрх судасны төв төсөл 2001-2007 онд эхний үе шатандаа хэрэгжиж, Монгол Улсын анхны телемедицины сүлжээг үүсгэн П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлэг болон аймгийн нэгдсэн эмнэлгүүдийг хамруулан орон нутгийн оношлогоо эмчилгээг сайжруулан хэрэгжсэн байна. 2007-2010 онд төслийн хоёрдугаар шатанд Люксембургийн Засгийн газраас 2 341 300 еврог Зүрх судасны төв төслийг үргэлжлүүлэхэд, мөн 1 236 914 ам долларыг эх барих эмэгтэйчүүдийн салбарт олон талт хамтын ажиллагааны гэрээгээр алсын зайн анагаах ухааныг салбарлуулан хөгжүүлэхээр буцалтгүй тусламжаар олгосон. Одоогоор зүрх судас болон эх нярайн чиглэлээр Ховд, Дорнод, Өвөрхангай, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Хөвсгөл болон Дорноговь аймгуудад телемедицин ашигласан хоёр төсөл хэрэгжиж байна. Хурлын эхэнд хөтөлбөрийн дагуу Эх нярайн тусламжид зайн оношлогооны дэмжлэг үзүүлэх төслийн тайланг хэлэлцэв. Энэхүү төсөл нь 2007 оны 9 дүгээр сараас хэрэгжиж эхэлсэн бөгөөд төслийн хүрээнд гурван үндсэн зорилтыг амжилттай хэрэгжүүлсэн байна. Үүнд: Сонгосон аймаг орон нутгийн эмч ажилтнуудыг дэмжих зорилгоор төв эмнэлэгт эх нярайн тусламж, үйлчилгээний зайн оношлогооны сүлжээг байгуулж ажиллуулах, хөдөөгийн хүн амыг эх нярайн эрүүл мэндийн чанартай үйлчилгээгээр хангах, орон нутгийн эмч ажилчдын чадавхыг бэхжүүлэх, жирэмсэн болон төрөхийн хүндрэлтэй эмэгтэйчүүд болон нярайд чанартай цогц үйлчилгээг хүргэх хамтарсан багийг багуулах зэрэг болно. Үүний дараагаар П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлэг дээр хэрэгжиж буй Зүрхний судасны төв төслийн тайланг хэлэлцэв. Төслийн үндсэн зорилго нь зүрх судасны өвчлөлийг бууруулах, орон нутгийн эмнэлгүүдэд зүрх судасны өвчний оношлогоо, эмчилгээ хяналтын чанарыг дээшлүүлснээр хөдөө орон нутгаас төв рүү шаардлагагүй зардал өндөртэй шилжүүлэгдэх өвчтөний тоо бууруулах юм. Төсөл зүрх судасны өвчний менежментийг төвийн болон орон нутгийн хэмжээнд сайжруулах зорилтдоо хүрч чадсан байна. Мөн Шастины төв эмнэлэг дэх Зүрх судасны өвчний оношлогооны төв нь Үндэсний хэмжээний Зүрх судасны өвчний лавлагаат төв болон хувирсан байна. 7-8 бүрэн ажиллагаатай орон нутгийн зүрх судасны төвүүдийг сайжруулан шинэчлэсэн бөгөөд алсын зайн анагаах ухааны хамтын ажиллагааны төвийн үндэс тавигдаж чадсан байна.    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ