Гэмт этгээд сургуулийн ажилтнуудтай муудалцсанаас буудсан бололтой

img

Гэмт этгээд АНУ-ын Коннектикут мужийн Ньютаун хотын бага сургуулийн ажилтнуудтай муудсан нь тэнд буудах шалтгаан болсон байж мэднэ. Мөрдөн байцаах албаны төлөөлөгчид телевизийн Эн-би-си сувагт өчигдөр ингэж мэдээлжээ. Тэдний хэлснээс үзвэл, 20 настай Адам Лэнза эмгэнэлт явдал болохоос нэг өдрийн өмнө энэ сургуулийн дөрвөн ажилтантай муудалцсан байна.  Тэр тэдний гурвыг нь алж, харин үлдсэн нэг нь баасан гарагт сургуульдаа  ирээгүй учир амьд үлджээ. Одоо мөрдөн байцаагчид түүнтэй ажиллаж байна.

Эмгэнэлт явдал болохоос хоёр өдрийн өмнө Лэнза хотын  нэг зэвсгийн дэлгүүрээс буу худалдаж авах гэсэн боловч чадаагүй нь бас тодорхой болжээ. Юу гэвэл түрүүчийн удаа түүнийг буу худалдаж авснаас хойш бага хугацаа өнгөрсөн байжээ.

Сүүлчийн мэдээгээр, Лэнза гэртээ ээжийгээ буудан алж, дараа нь машиныг нь унаад, эхийнхээ багшаар ажиллаж байсан сургууль руу явсан байна. “Тэр сургуульд дайран орж, хамаа намаагүй буудсанаар 20 хүүхэд, зургаан том хүн, түүний дотор сургуулийн захирал амь үрэгдсэн юм. Дараа нь гэмт этгээд өөрийгөө бууджээ” гэж Коннектикут муж улсын цагдаагийн дэслэгч Пол Вэнс хэлсэн байна. Ньютаун хотын  “Сэнди Хук” бага сургуульд гал нээсэн гэмт хэрэгтэн бууг нууцаар худалдан авч, эхийнхээ нэр дээр бүртгүүлсэн байна” мөрдөн шалгах ажилд ойр байгаа  учрыг мэдэх хүмүүсийн хэлснийг иш татан телевизийн CCN суваг мэдээлжээ.

Гэр бүлийн маргаанаас  болж эцэг, эхээсээ өшөө авах гэж бодсоноос Адам Лэнза гэмт хэрэг үйлдсэн байж болох юм гэж сэтгэл судлаачид үзэж байна. Тэр Аспергерийн хамшинж өвчтэй (сэтгэцийн өвчний нэг)  байснаас гэмт хэрэгтэн болсон хэмээн хэлэх аргагүй гэж сэтгэл судлаачид бас ярьж байна. Хэрвээ эцэг, эх нь  түүнийг сэтгэцийн эмчид эртхэн шиг  үзүүлсэн бол гэмт этгээдийн үйлдлээс сэрэмжилж болох байсан хэрэг гэж Оросын сэтгэцийн эмч Михаил Виноградов хэлжээ.

“Сэнди Хук” сургуульд багшаар ажиллаж байсан Нэнси Лэнза сургуульдаа сурагчдын хамт алагдсан гэж түрүүнд нь мэдээлж байсан билээ. Гэвч галт зэвсгийн шарх авсан Нэнси Лэнзагийн цогцос түүний хүүгийн өрөөнөөс олдсоныг CCN мэдээлсэн байна.

“Сэнди Хук” сургуулийн гадна Адам Лэнза бас нэг хүний аминд хүрсэн тухай олон нийтийн мэдээллийн зарим хэрэгсэл түрүүнд нь мэдээлж байсан юм. Нэг хувилбараар, сэжигтний ах Райан Лэнза алагдсан гэж байжээ. Гэвч энэ мэдээллийг сүүлд нь няцаасан байна. Райан Лэнза  цагдаагийнхантай идэвхтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд сүүлийн хэдэн жил дүүтэйгээ уулзаж байгаагүй ажээ. “Сэнди Хук” сургуулийн мэргэн бууч эцгийгээ алсан гэх таамаглал дэвшүүлж байсан ч  энэ мэдээ бас нотлогдоогүй байна.

С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Компютер дээр өдөр шөнө харагалзахгүй тоглодог хүүхдүүд ийм араншин авах магадлал дэндүү өндөр.Төр эцэг эхчүүд хууль гаргаж хориглох арга хэмжээ аваа ч. Нөгөө Батзандан хариуцлага ярьж үүнийг цэгцэлбэл олон хүн баярлан бахархах байх. Мөн архины дондох өвчин аюултай. Хатуу арга хэмжээ аваа ч.
2012-12-17