
АНУ-д олон хүүхдийг хөнөөсөн аймшигт хэрэг гарч дэлхий нийт эмгэнэл гашуудал илэрхийлж байна. Өнөөдөр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама хэрэг гарсан Коннектикут мужийн Ньютауны бага сургуульд хүрэлцэн ирээд байна.
Хорин хүүхэд, зургаан эмэгтэй нэг эрэгтэйг бууудан хөнөөж эцэс сүүлд нь өөрийгөө хөнөөсөн энэ хэрэг явдал америкчуудыг хямрааж байна. Зул сар болоход арав хүрэхгүй хоног үлдсэн баярын уур амьсгалаар дүүрэн баяр хөөртэй байсан америкчууд өнөөдөр уйлж байна.
Ерөнхийлөгч Обама хохирогчдын гэр бүлтэй уулзаж, эмгэнэл илэрхийлсэн бөгөөд, сэтгэл санааны дэмжлэг болохоор өөрийн биеэр хэрэг гарсан хотод очоод байгаа юм. Түүнчлэн хэргийн явцтай танилцан, тусламж үйлчилгээ үзүүлж буй хүмүүстэй уулзав. Обама ирсэн даруйдаа хотын Романы Католикийн сүмд очиж эмгэнэл илэрхийлсэн. Тэрбээр “Бид хүүхдүүдээ хамгаалах ёстой. Дахин ийм гай зовлонг эцэг эхчүүд мэдрэх ёстгүй, ийм хэргийн золиосонд хүүхдүүд өртөх ёсгүй хэмээн” мэдэгдсэн юм.
Хот тэр аяараа эмгэнэлд автаж, гудамж талбайд хүүхдүүдийн дурсгалыг хүндэтгэн олон өнгийн тууз, чихрүүд, зөөлөн тоглоомыг модонд өлгөж эргэн төрөхийг хүсч байсан юм. Сүмд залбирлын дуу явж, хүмүүс амиа алдагсдын хойноос залбирч байна.
Энэ аймшигтай хэрэг явдалтай холбоотойгоор АНУ-д иргэд галт зэвсэг эзэмших тухай асуудалд анхаарлаа хандуулж, цэгцлэх ёстой асуудлын нэн тэргүүнд бичигдэж байгааг мэдэгдэж байна.
Энэ онд л гэхэд биедээ буу авч яваад олон нийтийн газар гал нээсэн тохиолдлууд олон гарсан юм. Колародо мужийн Аурора кино театрт гарсан буудалцаан, их дэлгүүрт гарсан буудалцаанууд, гудамжинд гарсан буудалцаанууд зэрэг энгийн иргэд өртөж амь насаа алдсан хэргүүд байсан юм.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ