УИХ бүл нэмж, Д.Арвин онцгойров

img

Өнгөрөгч долоо хоногт чуулганы хуралдааны үеэр гацаад байсан АН-ын нэг, МАН-ын хоёр гишүүн  тангараг өргөснөөр УИХ бүл нэмж 73 гишүүнтэй болсон юм. Түүнчлэн УИХ дахь МАХН-ын гишүүд засгаас гарах тухай байр сууриндаа хатуу зогсч байгаагаа ч хэвлэлээр дамжуулан мэдэгдсэн  билээ. Ингээд өнгөрөгч долоо хоногт улс төрд болсон онцгой үйл явдлаас товчлон хүргэе.

Засгаас гарах эсэхээ шийднэ

МАХН-ын дэд дарга, Шадар сайд Д.Тэрбишдагва болон УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү нар даргынхаа шүүх хуралтай холбогдуулан эвслийн Засгийн газраас гарна гэдгээ олон нийтэд дуулгаад байсан ч албан бичгээр холбогдох газруудад хандаагүй байсан юм. Тэгвэл  МАХН-ын удирдлагууд өнгөрөгч долоо хоногт сэтгүүлчдэд мэдээлэл хийж “МАХН Засгийн газраас гарах эсэх асуудлыг энэ долоо хоногт зарлагдах МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн Удирдах зөвлөлийн хуралдаанаас эцэслэн шийднэ” гэж мэдэгдсэн.

МАХН-ын удирдлагуудын зүгээс дээрх асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэх шаардлагатай байна гэдэг хүсэлтийг МҮАН-д тавьчихаад байгаа аж. Албан бичгээр мөн асуудлаа хүргүүлсэн. Хоёр тал энэ талаар ярилцаад ямар ч байсан энэ долоо хоногт Удирдах зөвлөлөө хуралдуулъя гэсэн шийдэлд хүрчээ.

МАХН-МҮАН-ын хамтарсан Удирдах зөвлөл нь 23 хүний бүрэлдэхүүнтэй, үүнээс найм нь МҮАН-ын гишүүд байдаг бол 15 нь МАХН-ын гишүүдээс бүрддэг юм. Тэгэхээр энэ долоо хоногт хуралдах МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн Удирдах зөвлөлийн хуралдаанаар Н.Алтанхуягийн толгойлж буй засгаас гарах эсэхээ эцэслэн шийдэх нь.

Барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжихээр болов

 Барилгын материал үйлдвэрлэлийн хөгжил нь барилгажилтаас хоцорч байгаагаас нийт хэрэгцээний 60 гаруй хувийг импортоор авдаг. 2010-2011 онд л гэхэд импортын барилгын материал, тоног төхөөрөмжид 500  гаруй сая ам.доллар зарцуулжээ. Иймээс импортыг орлуулах нэмүү өртөг шингэсэн барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих шаардлагатай гэж Шинэчлэлийн Засгийн газар үзэж байгаа аж.

Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт барилгын материалыг эх орондоо  үйлдвэрлэдэг болох зорилт дэвшүүлж, цемент, төмөр хийц, шил, дулаалгын материалаар дотоодын үйлдвэрлэлийнхээ хэрэгцээг хангах зорилт тавьсан. Энэ зорилтыг хэрэгжүүлэх үндэс болсон Барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар баталлаа.

 “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтод хөтөлбөрийн хүрээнд “Шинэ Улаанбаатар” төслөөр орон сууцны иж бүрэн 17 хороолол, гэр хорооллыг барилгажуулах, ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг дахин төлөвлөх төслүүд, аймагт бүрт барих 1000 айлын орон сууц, төмөр зам, хатуу хучилттай автозамын төслүүд, Хөшигтийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн байгуулах 100 мянган оршин суугчтай суурин, усан болон дулааны цахилгаан станц зэрэг Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан бүтээн байгуулалтын барилга байгууламжийн ажлуудыг гүйцэтгэхэд шаардагдах барилгын материалыг эх орондоо үйлдвэрлэх, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор энэхүү хөтөлбөрийг боловсруулсан байна.

Хөтөлбөр хэрэгжсэнээр 2016 он гэхэд Монгол Улс барилгын материалынхаа 70-аас дээш хувийг үндэсний үйлдэрлэлээрээ хангах боломжтой болно гэж Засгийн газар үзэж байна.

 Гишүүд тангараг өргөлөө

УИХ-ын чуулганы өнгөрөгч  долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн эхний асуудал нь УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай байв.

Сонгуулийн ерөнхий хорооны танилцуулгыг дарга Ч.Содномцэрэн хийлээ. Тэрээр УИХ-ын Өвөрхангай аймгийн 10 дугаар тойрогт нэр дэвшин өрсөлдсөн Г.Батхүүгийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх асуудлыг Сонгуулийн ерөнхий хороо Өвөрхангай аймгийн сум дундын шүүхийн ерөнхий шүүгчийн хоёр удаагийн захирамж, Сум дундын шүүхийн тогтоолыг үндэслэн оруулж ирж байгааг танилцуулгадаа дурдсан юм.

Мөн өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан У.Хүрэлсүхийн асуудлыг УИХ-аар шийдвэрлэж тогтоол гаргасны дагуу СЕХ хуралдаанаараа хэлэлцээд жагсаалтаар нэр дэвшигчдийн дарааллын дагуу Д.Сарангэрэлийн нэрийг оруулж ирснийг тайлбарласан юм.

Түүнчлэн УИХ-ын 22 дугаар тойрогт явуулсан дахин санал хураалтаар ялалт байгуулсан Д.Арвины асуудлыг СЕХ хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

Ингээд шинэ гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 98.3 хувийн саналаар баталсан юм.

 Д.Арвин УИХ-д дөрөв дэх удаа, Г.Батхүү гурав дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдож байгаа бол Д.Сарангэрэл анх удаа УИХ-ын гишүүнээр ажиллахаар боллоо. Түүнчлэн өнгөрөгч долоо хоногт олон нийтийн анхаарлыг татсан нэг зүйл бол УИХ-ын гишүүн Д.Арвин АН-ын бүлэгт орсон гэх мэдээлэл байв. Гэхдээ эл мэдээлэл хараахан батлагдаагүй байна.

Хууль зөрчин газар олгосон захирамжуудыг хүчингүй болгоно

Нийслэлийн Удирдлагын Зөвлөлийн ээлжит хуралдаанаар  өнгөрөгч долоо хоногт хууль зөрчин газар олгосон зарим захирамжуудыг хүчингүй болгох тухай асуудлыг хэлэлцсэн нь чухал асуудлын нэг байв.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тогтоол болон Засаг даргын Захирамжийн дагуу ажлын хэсэг байгуулагдан, нийслэлийн нутаг дэвсгэр дэх орон сууц, олон нийтийн барилга байгууламж орчмын нийтийн эзэмшлийн зам талбай, машины зогсоол, явган хүний зам, цэцэрлэгжилтийн талбай, орц, гарц, Сууц өмчлөгчдийн холбоо, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн эдэлбэр газар, автозамын улаан шугам, инженерийн байгууламж, шугам сүлжээний хамгаалалтын бүс, ундны усны эх үүсвэрийн тэжээлийн мужид болон барилгын норм дүрэм, холбогдох хууль тогтоомж зөрчиж газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгосон, эрх шилжүүлсэн, барилга байгууламж барих зөвшөөрөл олгосон нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжийг судлан үзжээ.  Судалгаанд нийт 12969 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын 14066.8 га талбай газар нутаг хамрагдсан байна.

Н.Бүжин

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

YAMMAA:
MAHN-nhan yu gej zasgas garah yum be? Naad teneguud chini garch uneheer garchh chadahguildee. YOOOO,,,,!!!!! ONIGOOO ONIGOOOO
2013-04-24
goyo duu bna:
http://www.youtube.com/watch?v=leEnJGT7_lU&feature=youtu.be
2012-12-17
Bathuu; saihan shudarga songuuli bolloo, egj avch baisan hehehe shudarga shuuh nadad uilchillee gesen bol onoh baij
2012-12-17