
Москва хотын Любянкагийн талбайд өрнөөд буй ерөнхийлөгч Путины эсрэг жагсаал цуглаан өрнүүлэгч сөрөг хүчнийхний удирдагчдыг цагдаа нар баривчилжээ.
Нийгмийн сүлжээний сайтуудаар дамжуулан зар түгээж энэхүү жагсаалыг зохион байгуулсан хэмээн блоггэр Аликсей Навалны ч мөн баривчлагдсан аж.
Түүнээс гадна Илья Яшкин, Кисениа Собчак болон зүүний хүчний тэргүүн Удалцов нар болон жагсаалыг удирдаж байсан 40 орчим хүнийг баривчлагдсан хэмээн Риа Новости агентлаг мэдээлэв.
Зөвхөн Москва хотод жагсаал болоод зогсохгүй Санкт Петрбург, Томск, Екатеринбург хотод ч жагсаал болсон бөгөөд толгойлогчдыг нь баривчилсан аж.
Эсэргүүцлийн хөдөлгөөн нэлээд хүчээ авсан хойно цагдаа нар тарааж эхэлжээ. Энэ төрлийн жагсаал, цуглаан өмнө нь ч хэд хэдэн удаа болж байсан юм. Тэдгээрээс 2011 оны өвлийн эсэргүүцлийн хөдөлгөөн хамгийн томд нь тооцогддог.
Цагдаа нар метроны буудлаас эхлэн босогчдыг тарааж эхэлсэн аж. Хэрэв төв талбайгаас эхэлсэн бол бослого дийлдэхгүй байх байсан хэмээн цагдаа нар мэдээлжээ. Мөн гадаа цаг агаар маш хүйтэн байсан учраас жагсаалыг тараахад дөхөм болсон аж.
Алексей Навалный бол ерөнхийлөгч Путины эсрэг дуу хоолойгоо хүчтэй илэрхийлж байгаа хүмүүсийн гол төлөөлөгчдийн нэг.
Энэ жагсаал түрүү долоо хоногийн лхагва гаригаас эхлэн нийгмийн сүлжээний сайтуудаар дамжин иргэдэд хүрч эхэлсэн. Босогчид “Эрх чөлөөний Марш” хэмээн жагсаалаа нэрлэсэн байжээ.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ