МАН-ын гишүүд байр сууриа илэрхийллээ
УИХ-д МАН-аас сонгогдсон гишүүдийн хуралдаан өнөөдөр болж, хоёр асуудал хэлэлцэж, байр сууриа нэгтгэсэн тухай тус гишүүдийн ахлагч Н.Энхболд мэдээллээ.
Тус хуралдаанаар УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн Р.Бурмаа, Н.Батцэрэг, Ц.Даваасүрэн нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбогдож гарах бусад хуулиудын талаар хэлэлцсэн байна.
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуультай холбогдуулан зарчмын хэд хэдэн байр суурь илэрхийлж байгаагаа мэдэгдэв. Нэгдүгээрт тус нам ирэх оны эхний хагаст зохион байгуулагдах Ерөнхийлөгчийн сонгуулийн саналыг гараар тоолох нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Учир нь УИХ болон орон нутгийн сонгуулийн саналыг автоматжуулсан машинаар тоолсон нь багагүй маргаан дагуулж, одоо хүртэл эргэлзээ тайлагдаагүй хэвээр байгаа гэлээ. Хамгийн сүүлд орон нутгийн сонгуулиар гэхэд Хан-Уул дүүрэг, Баян-Өлгий аймагт их олон тоогоор саналын хуудсууд хоорондоо зөрсөн маргаан гарсныг хэлээд Ерөнхийлөгчийн сонгуульд цөөн хүн нэр дэвшинэ, тиймээс төрийн тэргүүнээ сонгоход илүү хариуцлагатай хандаж, гараар тоолох хэрэгтэй гэж үзэж байгаагаа илэрхийлэв.
Одоо хэлэлцэгдэх гэж буй Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөлд хэд хэдэн зарчмын санал байгаа аж. Тодруулбал, саналыг машинаар тоолох, хяналт тавих, сонгуулийн тойрог, хэсгийн хороодыг байгуулах, нэр дэвшигчдийг шалгаруулахтай холбогдсон санал байгааг хэллээ.
Хөдөлмөрийн хуулийн тухайд УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Шинэ Засгийн газар орон нутгийн байгууллагуудыг босоо удирдлуудтай болгож, дээрээс томилдог болсон. Одоо Хөдөлмөрийн хуульд бараг бүх удирдлагуудыг босоо удирдлагатай болгож, орон нутагт эрх мэдэл шилжүүлнэ гэдгийнхээ эсрэг хууль орж ирж байна. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс өмнөх парламентын шийдвэрлэсний дагуу төсвийн эрх мэдэл орон нутагт шилжинэ. Үүнийгээ дагаад орон нутагт эрх шилжүүлэх шаардлагатай болно. Тиймээс Хөдөлмөрийн хуульд орж ирж байгаа босоо удирдлагатай болгоно гэснийг дэмжилгүй, хуучнаараа байж, орон нутагт эрхийг нь өгнө гэсэн байр сууриа барина” гэлээ.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ