Байгаль орчныг хамгаалахад хамтран ажиллана
Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, БНХАУ-ын Байгаль орчныг хамгаалах яам хамтран ажиллах Санамж бичигт өнөөдөр БОНХ-ийн Дэд сайд Б.Тулга, БНХАУ-ын Байгаль орчныг хамгаалах яамны Дэд сайд Ли Ганжи нар гарын үсэг зурлаа. Уулзалтын эхэнд Дэд сайд Б.Тулга “Дэлхий дахинд байгаль орчны асуудал эн тэргүүнд яригдаж байгаа цаг үед Өмнөд хөрштэйгээ байгаль орчныг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах болсонд талархаж байгаагаа илэрхийлээд, Санамж бичигт зурсан бүхэн удахгүй бүтээлч үйл ажиллагаа болно гэдэгт найдаж байна” гэж хэллээ.
Ноён Ли Ганжи “Байгаль орчныг хамгаалах чиглэлээр манай улсын Засгийн газраас шинэ үзэл баримтлалын хөтөлбөр гарган хэрэгжүүлж байна. Бидний хамтын ажиллагааны чиглэл өргөн хүрээнд нэг шугаманд байгаа учраас бүтээлчээр хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ. Талууд Экологи, биологийн олон янз байдлын хамгаалал, шар шороон шуурга ба цөлжилтийн мониторинг, бохирдлоос урьдчилан сэргийлэх, хот суурин газар, хөдөөгийн байгаль орчны менежмент, хил дамнасан байгаль орчныг хамгаалах хамтын ажиллагаа, байгаль орчныг хамгаалах бодлого, санхүүжилт, үйлдвэрлэл,
байгаль орчны боловсролыг дэмжих, байгаль орчны талаар олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэх, хүрээлэн буй орчны менежментийн хүрээнд чадавхийг бэхжүүлэх, байгаль орчныг хамгаалах асуудлаар олон улсын тавцанд талууд хоорондын байр суурийг уялдуулах зэрэг чиглэлд хамтран ажиллахаар боллоо.
Хамтын үйл ажиллагаа таван жилийн хугацаанд хэрэгжихээр Санамж бичигт заажээ.
Гадаад, хамтын ажиллагааны хэлтэс
Хэвлэл мэдээллийн алба
СЭТГЭГДЭЛ БИЧИХ