
Өнгөрөгч баасан гаригт Кремлийн ордонд болсон "Спортын элит-2012" ёслолын явцад энэ оны ОХУ-ын спортын шилдгүүдийг тодрууллаа.
Оросын Үндэсний олимпийн хороо, ОХУ-ын Спортын яамнаас хамтран уг арга хэмжээг зохион байгуулсны учир гэвэл Лондоны олимпоос 82, паралимпээс 102 медаль зүүн өндөр амжилт үзүүллээ хэмээн тус улсын төр засгаас үнэлснийх ажээ.
"Оны дасгалжуулагч" шагналыг жүдогийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч, итали мэргэжилтэн Эцио Гамба, хөнгөн атлетикийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Евгений Загорулько нарыг тодруулсан байна.
Гамбагийн гурван шавь Лондонд алтан медаль хүртэн багаараа өнгөлсөн бол Е.Загорулько олимпийн аварга өндөрт харайгч Анна Чичероваг дасгалжуулсан юм.
"Шилдэг эрэгтэй баг"-аар эх орондоо 1980 оноос хойш ирээгүй байсан олимпийн алтан медалийг авчрагч волейболчид, "шилдэг эмэгтэй баг"-аар уран сайхны сэлэлт, гимнастикийнхан тодорчээ. Харин шилдэг тамирчны шагналыг усанд үсрэгч Илья Захаров (зураг дээр), гимнастикч бүсгүй Алия Мустафина нар хүртсэн байна.
Ц.Ганбат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ