“Мэдээллийн аюулгүй байдал-2012” өдөрлөг амжилттай болж өндөрлөлөө
Өнгөрсөн баасан гаригт “Мэдэллийн аюулгүй байдал-2012” өдөрлөг амжилттай зохион байгуулагдаж өндөрлөсөн байна. Төрийн ордонд үргэлжилсэн энэхүү өдөрлөгийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн Газрын хэрэг эрхлэх газар, Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Үндэсний ДАТА төвөөс хамтран зохион байгуулсан. Тус өдөрлөг нь Монгол Улсын Засгийн Газрын тогтоолоор батлагдсан “Цахим засаглал хөтөлбөр”, “Мэдээллийн аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр”–үүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, бэлтгэл хангах зорилготойгоор зохион байгуулагдсан байна. Мөн олон нийтийн болон Мэдээллийн технологийн салбарт цахим аюулгүй байдлын талаар цэгцтэй ойлголт мэдээлэл өгч, цахим аюулгүй байдалд тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлон хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцсэн юм. Өдөрлөгийн үеэр мэдээлэл технологийн салбарын хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын чиг ханлага, мэдээллийн аюулгүй байдлын эрхзүйн зохицуулалт, хэрэгжилт, сургалт, судалгаа, үйлчилгээ, хамтын ажиллагаа зэрэг сэдвүүдийг хамарсан 10 илтгэл тавигдсан. Мөн мэдээллийн аюулгүй байдлын бодит нөхцөл байдлыг харуулсан үзүүлбэр үзүүлсэн байна. Тус өдөрлөгөөс улсын хэмжээнд цахим аюулгүй байдалд нэгдсэн үнэлгээ дүгнэлт хийн, Төр хувийн хэвшлийн түншлэлийг дэмжсэн үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлсон зөвлөмж гаргасан нь олон талын ач холбогдолтой боллоо. Өдөрлөгт Засгийн Газрын бүх яам агентлагууд, Интернэт үйлчилгээ эрхлэгчид, үүрэн холбооны операторууд, Их сургуулиуд болон хувийн хэвшлийн нийт 55 байгууллагын 150 орчим төлөөллүүд оролцсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ