
Манай гаригийн хамгийн өндөр настай эмэгтэй болох итали гаралтай америк эмээ Дина Манфредини өчигдөр 115 настайдаа Жонстон хотод /Айова муж улс/ нас баржээ. Түүний ач охин Лори Логли ингэж мэдээлсэн байна.
116 настай америк эмээ Бесси Куперийг арванхоёрдугаар сарын 4-нд нас барсны дараа Гиннессийн ном Манфрединийг дэлхийн хамгийн өндөр настай оршин суугчаар тодруулсан юм.
Дина Манфредини нөхөр Риккардо Манфрединийн хамт 1920 онд Италиас Де-Мойн хотод /Айова муж улс/ цагаачлан иржээ. Нөхөр нь 1965 онд нас баржээ. Дина Манфредини хоёрдугаар дайны жилүүдэд зэвсгийн үйлдвэрт ажиллаж байсан байна.
Тэр нөхрийгөө нас барсны дараа 42 жил ганцаар амьдарч, 2007 онд асрамжийн газарт очжээ. 101 настайд нь бүдүүн гэдэсний хорт хавдартай гэсэн онош тавьсан байна. Манфредини эмээ гурван хүүхэд, долоон ач, зээ, 12 жич, гучтай байжээ.
Одоо Японы 115 настай Зироэмон Кимура дэлхийн хамгийн өндөр настай хүн болж байна. Тэр 1897 оны дөрөвдүгээр сарын 19-нд төрсөн бөгөөд Манфрединигээс ердөө 15 өдрөөр дүү ажээ. Одоо Кимура Киото мужийн Кётанго хотод аж төрдөг байна.
Төрөлх хотынхоо шуудангийн салбарт 40 жил ажиллаад, тэтгэвэрт гарч, 90 нас хүртлээ фермийн аж ахуй эрхэлж байжээ. Одоо Кимура өвөө ихэнх цагийг гэртээ өнгөрүүлдэг хэдий ч, биеэ эрүүл байлгахыг мэрийдэг байна. Дэлхийн хамгийн өндөр настай энэ хүн өөрийн ингэж өндөр насалж байгааг тайлбарлахдаа, хоол ундандаа тун анхааралтай ханддаг гэж хэлж байжээ. “Ямар ч амттай сайхан байлаа гэсэн, хоолыг үргэлж тааруулж идэх хэрэгтэй” гэж Кимура ярьдаг байна.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ