
“Алтан-Од” эмнэлгийн захирал Д.Баярсайхан эмчийн үзлэгийн өрөөнд зочиллоо. Тэрээр ходоодны хеликобактерийн шинжилгээ өгч, зөвлөгөө авахаар ирсэн үйлчлүүлэгчтэй ярилцаж байв.
-Эмч ээ, миний нүүрэн дээр юм гараад, би хеликобактерийн шинжилгээ өгсөн юм. Эмч хэвийн хэмжээнээс их байна гэсэн. Танаас зөвлөгөө авахаар ирлээ?
-Хеликобактерийн концентрац 50 гэж гарсан байна. Хэвийн хэмжээнээс их боловч ерөнхийдөө гайгүй. Гэхдээ өвчнийг даамжруулахгүйн тулд одооноос эмчилгээ эхлэх хэрэгтэй.
Нүүрэн дээр чинь хэдийнээс юм гарч эхэлсэн бэ. Гоо сайхны эмчид очиж үзүүлсэн үү?
-Гоо сайханд очоогүй. Нүүрээр юм гараад нэлээд удаж байна.
-Ямар төрлийн хоол голчлон иддэг вэ. Ходоодны салст цочроох хуурсан хайрсан хоол иддэг үү?
-Би хамаагүй хоол иддэггүй. Хуурсан хоол бараг иддэггүй.
-Харшилтай юу. Цитрус агуулсан жимс иддэг үү. Цээж хорсдог уу.
-Жимс иддэг, харшилгүй. Цээж хорсдоггүй.
-Ходоодон дээр бараантаж өвддөг үү, зангирдаг уу?
-Үгүй.
-Чи сурдаг уу. Их өлсч байж юм иддэг үү. Ходоодонд ямар нэг зовиур байдаг уу?
-Би анагаахын оюутан л даа. Ерөнхийдөө хоолны дэглэм барьдаг. Харин хичээл ихтэй үед юм идэж амжихгүй байсаар хичээлээ тараад орой гэртээ очиж хоол идэх үе бий. Ходоод өвддөггүй. Нүүрэн дээр юм гараад байхаар нь л хеликобактерийн шинжилгээ өгсөн юм.
-Хэлээ гарга даа. Ер нь өтгөнөө тогтмол гаргадаг уу. Өтгөн хатдаг уу?
-Зүгээр.
-Хооллолт, хоолны дэглэмээ нүүрэн дээр юм гарснаас хойш өөрчилсөн үү. Гэдэс дүүрэх, цанхайх шинж илэрч байсан уу?
-Хоолны дэглэмээ өөрчлөөгүй. Би зургаагаас хойш хоол иддэггүй. Орой тараг уудаг. Өглөөний цайгаа байнга уудаг ч өдрийн хоолоо хааяа оройтуулж идэх тохиолдол гардаг.
-Гэрт чинь ходоодны өвчтэй хүн бий юу. Аяга таваг гэр бүл дотроо холилдох тохиолдол бий юу?
-Ходоод нь тэгтлээ өвддөг хүн байхгүй. Өөрийн гэсэн аягатай л болохоос тавгийг бол хольж хэрэглэх нь бий.
Эмч даралтыг нь үзэж, хэвлий орчмын үзлэг хийв. Үүний дараа эмч зөвлөгөө өгөв.
Зөвлөгөө
Эрүүл ахуйн болон хооллолтын дэглэмээ сайн баримтал. Хеликобактерийн хэмжээг ихэсгэхгүйн тулд эмчилгээгээ өнөөдрөөс эхлэх хэрэгтэй. Хеликобактерийн концентрациас хамаараад эмч ямар эм бичихээ шийднэ. ЭХО-д харуулж байгаагүй гэсэн болохоор элэг, цөсөө харуулах хэрэгтэй. Цөсний гүйдэл саатсанаас болж, эсвэл хоол идээгүй хоосон байхад цөс хаягдаад ходоодны салстыг цочроогоод байдаг гэмтэй. Мөн цөсний хүүдийн хүзүүний хэсэгт нугаралттай, хана нь зузаан, цөсний хүүдий суналттай тохиолдолд эмгэг гэж үзнэ. Шингэн бага хэрэглэдгээс болж, цөс зогсонгишилтой байж болно. Тийм болохоор дан ганц ходоодны шинжилгээ өгөх биш, цөсний үзүүлэлтүүдийг нарийн шинжлүүлсэн байх шаардлагатай. Хэрэв цөс зогсонгишилтой, эсвэл цөс өтгөн бол эхлээд хэвийн хэмжээтэй болгох, гүйдлийг нь сайжруулах, цөс хөөх эм ууна. Тэгээд ходоодны хеликобактерийн концентрацтай хамааралтайгаар янз янзын схем эмчилгээ бичнэ.
Чиний хувьд хеликобактерийн концентрац 50 гэж байгаа болохоор тийм их биш гэж үзнэ. Яагаад гэхээр, нормдоо 30-аас доош хэмжээтэй байх ёстой. Өвчнийг хөнгөн, дунд зэрэг, хүнд гэж ангилбал чинийхийг хөнгөн хэлбэрийн гастрит гэж үзнэ. Тэгэхээр хөнгөн хэлбэрийн өвчнөө хүндрүүлэхгүйн тулд өнөөдрөөс эхлээд эрүүл ахуйн хооллолтын дэглэм барьж, эмийн эмчилгээ эхэлнэ.
Чи цөсний шинжилгээ өгөөгүй болохоор цөсөө шингэлэх, цөс хөөх үйлчилгээтэй шингэн сайн уу. Хеликобактерийн эсрэг хэрэглэж байгаа гурвалсан эмийг сүүлийн үед их уух болсон. Эмчилгээний үр дүн ч сайн гарч байгаа. Ходоодны салстыг нэмж цочроохгүй хамгаалах, үрэвсүүлэхгүй байх эм уусны дараа хеликобактери устгах нянгийн эсрэг үйлчилгээтэй эм ууна.
Хүний ходоодонд хоол боловсруулахад оролцдог лактобактерин, бифидубактерин гэж энгийн бичил биетнүүд байдаг. Хеликобактерийг устгасны дараа бифидубактерины хоол боловсруулах чадвар нь муудсан гэж үзээд, эмчилгээ хийх ёстой. Ийм тараг ч байдаг. Ингэснээр хоол боловсруулахад оролцдог энгийн бичил биетнүүдийн үүрэг сайн болно гэсэн үг.
Эмүүдээ нийтдээ хорь хоног уугаад, сарын дараа давтан шинжилгээ өгч байж үр дүнг харна.
Би чамд В хэлбэрийн гастритын эмчилгээ бичлээ. Одоо А хэлбэрийн гастритын эмчилгээ бичиж өгье. Яагаад гэхээр, чамд ийм хэлбэрийн гастритын шинж тэмдэг хавсарсан байна гэж үзэж байгаа юм. Хүнс тэжээлийн улмаас цусанд хэрэгцээтэй янз бүрийн цус төлжүүлэх эм доголдолтой хэрэглэсний улмаас цусны архаг дутагдал үүссэн байна гэж үзэн, цус төлжүүлэх эмчилгээ бичиж байгаа юм шүү.
Цус багадалтын эмчилгээнд төмрийн агууламжтай хүнсний бүтээгдэхүүнүүдийг сайн хэрэглэх хэрэгтэй. Махан бүтээгдэхүүн, ялангуяа гахайн элэг, тугалын маханд төмөр агууламж сайн байдаг учир энэ төрлийн хүнсний бүтээгдэхүүнүүдийг голчлон хэрэглэвэл тодорхой үр дүнд хүрнэ. Чамд айхтар цус багадалт илрээгүй ч зарим өвчтөнд их тохиолддог. Энэ үед витамин В 12 тарих, полихүчил хэрэглэх, эмчилгээ бичиж өгдөг.
Ингээд эмчилгээгээ гүйцэд хийвэл нүүрэн дээр болон нуруу, цээжээр гарч байгаа юм дотроосоо аяндаа хатаж алга болно. Хэрэв сорвижилт үүсвэл гоо сайхны эмчилгээний газруудад хандах хэрэгтэй. Арьсаа цэвэршүүлэх эмчилгээ хийлгэвэл эмчилгээ төгс болж байна гэж үзнэ.
Чи бас бамбайн шинжилгээ өгөх хэрэгтэй байна. Чиний зүрх дэлсдэг үү. Сая үзлэгээр гар чинь их хөлөрдөг нь анзаарагдлаа. Чи оюутан болохоор удаан хугацаанд агаар муутай өрөөнд суусны улмаас хүчилтөрөгчийн дутлаас болж гар чинь хөлөрч байж болно. Гэхдээ өөрт мэдэгдэхгүй бамбайн хордлогын шинж ч илэрч байж болох учир үзүүлсэн нь дээр. Одоогоор хурц илрээгүй ч жирэмсэн болох үед хурцаар илэрч гарч болно.
Ер нь эмч үзлэг хийхдээ тухайн хүний нүүр царай, нүдний өнгө, уруул ам, хэлний өнгөр, арьс салст, хүзүүний хэлбэр хэмжээг сайтар ажиглаж хардаг. Чамайг харахад бамбайтай байж магадгүй шинж тэмдэг харагдаж байна.
Ингээд өвчтөн гарсны дараа эмчээс хеликобактерийн талаар ярилцлаа.
Хоносон хоол хүний нойр булчирхайг цочроодог
-Хеликобактери хүнд байх ёстой бактери уу. Цусан дахь концентрац нь 30 хүртэл байвал хэвийн гэж үздэг гэж та сая ярилаа?
-Хүний ходоодонд хоол боловсруулахад оролцдог энгийн бичил биетнүүд байдаг. Тэр дотор хеликобактери орно. Хеликобактерийн хэмжээ 30-аас дээш гарвал эмгэг төрөгч болж хувирдаг. Манай эмнэлэгт хандаж байгаа хүмүүсийн 70-80 хувьд энэ бактери илэрсэн байдаг юм. Ходоодны хеликобактери нь нян гэдэг утгаараа нэгээс нөгөөд халдварладаг. Ялангуяа гэр бүлийн дотор аяга тавгаар эхнэр нөхөр, ээж ааваас хүүхдэд халдах боломж ихтэй.
Хеликобактери ХХ зуунд тахал маягаар илэрч байсан. 100 хүнд шинжилгээ хийхэд 70-80 хувьд хеликобактери илэрч, ходоодны үрэвсэлтэй байна гэдэг нь эмч нарын санааг зовоож байна. XXI зуунд ч энэ өвчин даамжирч байна. Нийтийн хоолны газруудад энэ нянгийн халдварыг авах боломжтой гэж үздэг юм.
Хеликобактерийн концентрац 30-аас дээш гарахад янз янзаар л илэрдэг. Манай эмнэлэгт хандсан хүмүүст хеликобактерийн концентрац нь 40-50 байх нь бараг хэвийн үзэгдэл болоод байна. Энэ хүмүүст шинж тэмдэг илрэхгүй. Шинжилгээгээр илэрсэн тохиолдолд эмчийн бичсэн эмчилгээг зааврын дагуу яг мөрдөж хийхэд сарын дараа шинжилгээ өгөхөд устана. Гэхдээ дахин халдварлах, өвчлөх нөхцөл байгаа учир сэргийлэх нь чухал.
Хеликобактерийн концентрац 100-гаас дээш гарах, 200, бүр 300 ч хүрэх тохиолдол бий. Энэ тохиолдолд шархлаат өвчин үүсдэг. Шархлаа үүснэ гэдэг нь ходоодны салстыг хеликобактери гүнзгий идэж байна гэсэн үг. Хоолны дэглэм баримталдаггүй, ялангуяа өлөн хоосон дээрээ архи дарс уудаг хүмүүст ийм магадлал өндөр. Эмчлэхгүй яваад байвал шархлаа нь хорт хавдарт шилжих магадлалтай.
Эмч хүний хэлийг хараад ходоодны салст ямар байгааг хэлдэг. Тиймээс эмчид эрт хандаж эрүүл ахуйн зөвлөгөө авах, урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Эмчийн зөвлөгөөг дагаж чадвал хорт хавдраас ч сэргийлж чадна.
-Шинж тэмдэг илэрдэггүй гэлээ. Гэхдээ шарх үүсэх хүртэл илрэх ямар нэг шинж тэмдэг байж л таарна биз?
-Гэдэс цанхайх, ходоод бараантаж өвдөх, ам гашуурах зэрэг шинж тэмдэг илэрч болно. Мөн ходоодны үрэвсэл нь даамжирч, шархлаа үүссэн тохиолдолд хутгаар зүсч байгаа юм шиг өвдөлт үүрээр мэдрэгддэг. Үүнийг кинжальный боль гэдэг.
Бага, өсвөр насны хүүхдүүд нүүрээр юм гарлаа гэж дотрын эмчид хандахгүй, шууд гоо сайхны газарт очдог. Одоо харин нэг үеэ бодвол ийм хүүхдийг дотрын эмч рүү явуулдаг болсон байна лээ. Нүүр, амаар юм гарах нь ходоод гэдэсний шалтгаантай гэдэг нь тогтоогдвол эхлээд шалтгааныг нь эмчлэх хэрэгтэй.
-Хеликобактери ихсэх хүчин зүйл юу вэ?
-Тухайн хүний биеийн эсэргүүцэлтэй шууд холбоотой. Хүний биеийн эсэргүүцэл, бодисын солилцоо, дархлаа сайн байвал хоол хүнсээр орсон хэрэгцээтэй аминдэм, зүйлсийг өөртөө зөв шингээж авдаг. Хэрвээ хүн ядарч сульдаад, дархлаа, бодисын солилцоо нь алдагдсан бол өөртөө зөв шингээж авч чаддаггүй. Тухайлбал, тосонд уусдаг витамин, хүнсээр орж байгаа зүйлс, аминдэм, уураг, тосыг хоол боловсруулах эрхтэн зөв боловсруулж, шингээх үүрэгтэй байтал энэ нь алдагдвал хеликобактерийн өсөх нөхцөлийг бүрдүүлж байна гэсэн үг. Хэрэв хоол боловсруулалт хэвийн явагдаж, хэрэгцээтэй аминдэм нь зөв шингэж, бодисын солилцоо хэвийн байвал хеликобактери ихсэхгүй.
Бага насны зарим хүүхдэд хеликобактерийн концентрац нь ихэссэн байдаг. Энэ нь хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг буруу хэрэглэсэнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, хадгалалтын горим алдагдаж, удаан хугацаагаар хадгалсан торт, салат идэж болохгүй. Мөн жимс, ногоог сайн угааж ариутгаж, иддэггүйгээс болж хеликобактери ихэсдэг.
-Гарын алга хөлрөх, хумс хугарах, сөрөх зэрэг нь ходоод үрэвссэний шинж үү?
-Дан ганц хеликобактериар ходоод үрэвсдэг юм биш. А, В, С хэлбэрийн гастритаас болж бас үрэвсч болно. Энэ гурван хэлбэрийн гастритыг ялган салгаж оношлоход тухайн хүнд ямар шинж тэмдэг илэрч байгааг заавал мэдэх хэрэгтэй. В хэлбэрийн гастрит нь хеликобактеритай шууд холбоотой. Харин С хэлбэрийн гастрит нь хеликобактеритай шууд хамааралтай биш. Ходоодны хүчиллэг чанар ихэссэн, цөсний өтгөрөлт, сөргөө, ялгаралтай холбоотойгоор энэ нь үүсдэг. Хүний ходоодны хүчиллэг чанар ихсэхээр цээж, ходоод хорсоно, ходоодын салст цочирно, тэр ч байтугай шархлаа үүснэ.
Ер нь аль ч хэлбэрийн гастритын үед шарх үүсч болно. Ходоодны бүх хэсгийг тархмал хамарсан байна уу, нэг хэсгийг хамарч уу гэдгийг хеликобактерийн шинжилгээнээс гадна ходоод дурандаж илрүүлнэ. Ходоод дурандах шинжилгээг бас шууд хийдэггүй. Эмч үзээд, аль хэлбэрийн гастрит болох, хеликобактерийн концентрацыг тодорхойлохоос гадна тухайн өвчтөний ходоодны шарх, хүнд хэлбэрийн гастрит уу гэдгийг үзнэ. В хэлбэрийн гастритын үед ходоодонд шархлаа үүссэн байна гээд урьдчилж мэдсэн бол ходоодны аль хэсэгт шархлаа үүссэн байгааг тодорхойлохын тулд дуранддаг. Сэтгэлзүйн бэлтгэл хангаагүй бол гуурс залгихад хэцүү байдаг учир тэр шинжилгээнд шууд орж чаддаггүй.
Ходоод өвчлөх нь сэтгэлзүйтэй холбоотой шүү дээ. Хүн стресстэй байвал цөс агших, цөс ялгарахгүй, эсвэл цөс гэнэт их ялгарч, ходоодны салстыг цочроож, хүчиллэгийг ихэсгэдэг. Энэ нь даамжирсаар шарх үүсгэдэг. Тэгэхээр сэтгэлзүйн хувьд тайван байх хэрэгтэй. Ажил, хичээлдээ яараад хоолоо бүхлээр нь залгих нь элбэг. Амаар орж, шүдний тусламжтайгаар жижиглэгдэх ёстой. Том бүхэл юм ходоодны салстыг цочрооно шүү дээ. Мөн ходоод өвчлөхгүй, хэвийн байхын тулд шүд сайн байх ёстой. Хэрэв шүдний бүрэн бүтэн байдал алдагдсан бол ходоод өвчлөх магадлал өндөр.
-Манайхан хоолны дэглэмийн талаар ярьдаг ч тэр бүр хэрэгжүүлдэггүй. Энэ талаар уншигчдад зөвлөгөө өгөөч?
-Хоолны дараа заавал шингэн юм даруулж уух ёстой. Бага болон өсвөр насны хүүхдүүдийн хоолны дэглэм алдагдах нь их ажиглагддаг. Энэ нь цөсний өтгөрөлтөд бас нөлөөлнө. Өглөөний цай уух нь бас нэг дэглэм. Өглөө цай ууж, цөс ялгаруулсны дараа өдрийн хоолыг идэх ёстой. Гэтэл өглөө юу ч идээгүй байгаад өдөр нь шууд хоол идвэл ходоодны салст цочрох нөхцөл нь бүрдээд ирж байгаа юм. Цөс их хэмжээгээр ялгараад л ходоодны салстыг цочроодог юм.
Хэт өлссөн хүн ходоодоо сунатал хоол идэж, ходоодны агших чадварыг бууруулбал хатангиршсан гастрит үүсгэдэг. Тийм учраас бага наснаас эхлэн хоолоо бага багаар тааруулж идэж сурах хэрэгтэй. Хоолыг хэт их хэмжээгээр ходоодыг дүүртэл идэж болохгүй. Орой махан хоол идээд унтах тохиолдол гардаг. Үүний оронд алим идэх, жимсний шүүс уух, тараг уух хэрэгтэй. Тэгэхгүй бол шөнөжин ходоод ажиллаж, хоолоо боловсруулаад байхаар нерв амарч чаддаггүй.
Хоол халааж иднэ гэж хэзээ ч байж болшгүй. Хоолыг хийгээд таван минутын дотор идэх хэрэгтэй. Тэгж байж витаминлаг тэжээллэг чанарыг хүртэнэ. Хоносон хоол хүний нойр булчирхайг цочроодог. Тэгэхээр нойр булчирхайгаа хамгаалахын тулд хоносон хоолноос “зугтах” хэрэгтэй. Хеликобактери нь хэвийн хэмжээнээс хэтэрсэн хүмүүс хоолны дэглэм барьж, хориглох зүйлсээс аль болох татгалзах нь зүйтэй. Халуун ногоо, хийжүүлсэн ундаа, хэт их хуурсан хайрсан хоол идэж болохгүй.
Л.Тунгалаг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ