Шукарь багш

img

Миний өмнө Монгол Улсын Ардын жүжигчин, найруулагч Дэндэвийн Чимэд-Осор багшийн минь гэрэл зураг байна. Тогтоон ажиглаваас нүүрнийх нь үрчлээс бүхэнд туулж өнгөрүүлсэн амьдралынх нь жаргал зовлон, хорвоод элээсэн он жилүүд­ийнх нь их ухаарлын гүн ул мөр шингэн хоцорсон гэлтэй. Би түүнийг Шукарь багш гэж нэрлэдэг байсан бөгөөд нилээд оворжуу болсон хойно нь анх харсан юмдаг. 1950-иад оны дундуур намайг нийслэлийн 2-р 10 жилийн сургууль (одоогийн Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн байр) -д сурч байхад манай сургуулийн баруун бөөрөнд урлагийнхны дунд “Ухаантны шар” хэмээн нэрлэгдсэн хоёр давхар жижигхэн байшин байдаг байв. “Ухаант­ны шар”-д тэр үеийн театрын алдартнууд Сангижавын Гэндэн, Эрдэнэбатын Оюун, Билэгийн Дам­динсүрэн, Ерөөлтийн Гомбодорж гуай, Лоолийн Жамсранжав гээд олон сайхан хүмүүс амьдардаг байсаан. Би тэднийг харж нүдээ хужирлахын зэрэгцээ Шукарь багш, Гомбодорж гуай хоёрыг нэлээд дотно найзалдаг хүмүүс юм даа гэж бодсон билээ. “Ухаантны шар” хэмээх тэр жижиг байранд урлагийн алтан үеийнхэн мөн ч олон жил амьдарч, бүтээл туурвилын халуун яриа өрнүүлж байсан дурсгалт газар мөний хувьд хойч үед мөнхлөн үлдээмээр түүхэн өгүүлэмж хадгалсан газар гэдгийг үл харгалзан нурааж, оронд нь олон давхар шилэн хайрцаг босгосон нь нэн харамсалтай. Дунд зэргийн нуруутай, нүүрэн­дээ үрчлээтэй нэлээд оворжуу бай­рын огцом түргэн хөдөлгөөнтэй, зальжин маягийн ухаалаг нүдтэй 40 эргэм насны хүнийг би “Цогт тайж” киноны урт цагаан сахалтай, цэцэр­лэгч Ли Сан Син өвгөнд тоглосон гэхэд нэг л санаанд бууж өгдөггүй, ихэд гайхдаг байв. 1950-иад оны сүүлчээр театрт их зохиолч Михаил Шолоховын “Атрыг хагалсан нь” алдарт романаар бүтээ­сэн “Сэтгэлийг шинэтгэсэн нь” жүжгийг үзээд өвгөн Шукарь, Макар Нагульновт загнуулж буй хэсгийг сэтгэлдээ хадгалан хоцорсон билээ. Жүжгийн “Сэтгэлийг шинэтгэсэн нь” гэдэг нэрийг билгүүн номч, академич Бямбын Ринчен гуай хайрласан хэмээн ярьдагсан. Энэ жүжигт  өөрий­гөө дэлхийн хувьсгалын төлөө зүтгэж яваа гэдэг дэврүүн сэтгэлээр жигүүр­лэж, бүхнийг айлган сүрдүүлэлтээр бүтээх гэж оролддог Намын хорооны дарга Макар Нагульнов (Ардын жүжигчин Г.Гомбосүрэн) хамтралд орохоос зайлсхийн ганц үнээгээ нууж, тугалыг нь алж идчихээд пологтон голын бургасанд нуугдаж, суугаад баригдаж ирсэн Донын ядуу тариачин өвгөн Шукарийг байцаан айлгаж байгааг харахад үнэхээр инээдэмтэй хэрнээ өрөвдөлтэй санагддагсаан. Нагульнов гар буугаа гарган ширээн дээр тавиад өвгөн Шукарийг загнана. Шукарь өвгөн өвлийн чихтэй мал­гайныхаа нэг чихийг дотогш нь чихэж, нөгөөгийг нь сул тавьчихсан ширээ тойрон гүйж, байгаа нь тун ч инээдэм­тэй. Малгай нь яг л туулайны чих шиг далбагнаад Шукарь өвгөн гар бууны амнаас дальдчин байх газраа олж ядан гүйдэг Шукарь багшийн тоглолт одоо ч нүдэнд харагддаг юм. Багш, өвгөн Шукарийн дүрийг үнэхээр гайхалтай бүтээсэн. Тиймдээ ч урлагийнхан Чимид-Осор гэхээсээ илүү “өвгөн Шукарь” гэнэ. Өөрийнхөө бүтээсэн дүрээр олонд алдаршин нэрлүүлж мөнхрөнө гэдэг жүжигчин бүхэнд заяагаад байхгүй хувь тави­лан биш гэж үү. Хожим нь намайг 1961 онд “Мон­гол кино” үйлдвэрт ажиллах байх үед академич Цэндийн Дамдинсүрэн гуайн “Гологдсон хүүхэн” туужаар уран сайхны кино бүтээх болж, ерөнхий найруулагчаар нь Шукарь багш томилогдон би туслахаар нь ажиллах болсноор багш, бид хоёрын уран бүтээлийн олон жилийн хамтын ажлын эхлэл тавигдсан юм. Урд жил нь би 10-р ангиа төгсөөд кино үйлд­вэрт туслах найруулагчаар орсноор Ардын жүжигчин, төрийн шагналт, нэрт найруулагч Жигжид багшийгаа дагаж, кино урлагийн цагаан толгой үзэж, нэлээд зүгширсэн үе байлаа. Тэр үед манай уран сайхны удирдагч Ардын жүжигчин, төрийн шагналт, эрдэмтэн зохиолч Эрдэнэбатын Оюун багш байсан юм. “Би Шукарь багштай хамт “Гологдсон хүүхэн” кинонд явмаар байна, Ц.Дамдинсү­рэн гуай зохиолоо өөрөө бичих гэж байгаа учир би тэр том зохиолчтой танилцаж, ажиллаж үзмээр байна” гэж Оюун багшаас гуйхад “Жигжид багш чинь Л.Ванганы зохиолоор “Түмний нэг” кино хийх гэж байна. Чамайг багш чинь авна гэж байсан” гэв. Миний багаасаа шүлэг зохиол оролддог байсныг Оюун багш гадарлах тул хэсэг хугацаа өнгөрсний дараа “За, за чамайг уран зохиолын тал нь татаад байх шиг байна. Чи яв даа” гэж зөвшөөрсөн юм.  Ингэж би “Гологдсон хүүхэн” кинонд ажиллах болсноор их зохиолч Дамдинсүрэн гуайтай ойртон танилцах боломж олдсон билээ. Ц.Дамдинсүрэн гуай туужаа хэрхэн өөрчилж, кино зохиол болгох төлөвлөгөөгөө уран сайхны зөвлөлд танилцуулж, зөвшөөрүүлээд хэсэг хэсгээр нь бичиж эхэлсэн юмдаг. Нэг хэсгийг биччихээд багш уруу ярина. Намайг зохиол авах гээд гэрт нь очихоор “Кино фабрикийн хүү ирлээ” гэж жуумалзан инээж угтдаг­сан. Дамдинсүрэн гуай намайг огт голохгүй, надтай ярьж зөвлөн бичсэн хэсгээ надад уншиж өгдөг байв. Энэ мэтээр хоёр мундаг хүнээс би их зүйл сурсан юм. Багш, зургийн талбай дээр юмыг бага гэлтгүй бүгдийг шалгаж, өөрийн биеэр засч янзлана. Уурлаж уцаар­лана гэж байхгүй, харин ядарсан үедээ намайг дэлгүүр явуулж, дотроо жаахан халаана.  Зураглаач Дэмбэ­рэл гуайг жаахан хэтрүүлээд балга­чихаар нь багш “Энэ хүнийг чи бид хоёр хамгаалж явах ёстой шүү”- гэж захидагсан. Дэмбэрэл гуайн туслах По.Намжил байсаар байтал ингэж захидаг байсныг би гайхдаг юм. Зуны нэг өдөр “Гологдсон хүүхэн” киноны хээрийн зургийн талбайд багшийн санаачлагаар хоёулаа үхэр тэргийг морины уяанаас холдуулан зөөж байрлуулахаар түрээд явж байтал хотоос кино үйлдвэрийн дарга Тойсон гуай Ардчилсан Герман улсын “Дефа” кино студийн захирлын хамт хүрч ирлээ. Гэрт ороод багшийг маань энэ киноны ерөнхий найруулагч гээд танилцуулсан чинь нөгөө Германы кино студийн захирал ёстой нүд нь орой дээрээ гарч, толгой сэгсрээд үнэмшихгүй байж билээ. Тойсон дарга, уран бүтээлчдээ Германд явуулж, туршлага судлуулах тухай хүсэлт гаргахад “Дефа” студийн захирал “Би харин өөрийнхөө найруу­лагч нарыг танайд ирүүлж, дадлага хийлгэмээр байна. Манай найруулагч нар зургийн талбай дээр хүрч ирчи­хээд бэлэн биш байвал намайг тэр ресторанаас очиж аваарай гээд л яваад өгдөг улс шүү дээ” –гэж хэлж байж билээ. Д.Жигжид багш, Шукарь багш хоёрын маань найруулагчийн арга барил тэнгэр газар мэт ялгаатай. Жигжид багш зураглаач хүн болохоор авах планаа яг нүдэндээ харж, жүжигчнээ тэр хүрээн дотроо хатуу барьж тоглуулна. Шукарь багш өөрөө жүжигчин хүн болохоор жүжигчнээ төдийлөн шаардаж барьдаггүй өөрт нь ойлгуулж, өөрөөр нь тоглолтыг нь гаргуулж чаддаг давуу талтай байсан. “Нүгэл буян” киноны зураг авалтын үеэр болсон нэгэн явдлын талаар ахмад уран бүтээлчид дурсан ярихыг би олонтаа сонссон. Тоохуарын дүрийг Ардын жүжигчин Д.Ичинхор­лоо чадварлаг бүтээсэн. Охиноо явуулаад уйлж байгаа хэсэг найруу­лаг­чийн санаанд нэг л буухгүй байж л дээ. Хэд хэдэн удаа үзээд болохгүй болохоор нь Шукарь багш зургаа түр завсарлаад зураглаачдаа “Би Ичин­хорлоотой юм ярьж байгаад ирнэ. Чи бэлэн байгаарай. Команд хүлээлгүй, намайг дохихоор зургаа авна шүү” гэжээ. Тэд юм ярьж явсаар павильонд орж ирээд Ичинхорлоо гуайг орон дээрээ суунгуут багш зураглаач уруу дохисон байна. Тэр үед Ичинхорлоо гуай охиндоо үгээ захиж хэлээд уйлж, зураг авалт найруулагчийн санаанд хүрч дууссан гэдэг. Зураг дууссаны дараа Ичинхорлоо гуай “Чи миний сэтгэлийн шархыг сэдрээж яах нь вэ дээ” гэж хэлээд Шукарь багшийг тэврэн мэгшиж байсан гэдэг. Ичин­хор­лоо гуайн нөхөр нэрт зохиолч Мөрдэндэвийн Ядамсүрэн гэж авь­яас­лаг нэгэн байсан бөгөөд 1937 оны их хэлмэгдэлтийн шуурганд өртөж, харамсалтайгаар амиа алдсан түүх байдаг. Тухайн үед Ядамсүрэн, Ичинхорлоо гуай хоёрыг үнэхээр нүд булаасан сайхан хосууд байсан гэж хүрээ хууччуул ярьдагсан. Мөн киноны Хүрээ Нямзавын дүрийг Ардын жүжигчин Цагааны Цэгмэд тун чадварлаг бүтээсэн байдаг. Нямзав, Тоохуарын охинтой уулзахаар ээж­тэй нь ярьж тохироод гарахаар явахдаа мөнгөн зоос атгуулдаг хэ­сэгт Цэгмэд гуай түрийвчнээсээ зоосоо гаргаад бөөнөөр нь Тоохуарын гарт атгуулахад Шукарь багш харж байс­наа “Та мөнгөө бүгдийг нь нэг мөсөн өгчихөв үү” гэж асуув. Найруулаг­чийн санааг ойлгосон Цэгмэд гуай давтан тоглолт дээрээ зоосон мөн­гийг нэг нэгээр нь тоолж, Тоохуарт өгөхөд өөрөө хоёр гараараа авгайн гарыг давхар атгаад зальжин инээм­сэглэж байдгийг бид сайн мэднэ. Энэ бол найруулагч хүний гярхай ажиг­лалт, түүнийг нарийн мэдэрч дүрээ амьдруулсан жүжигчин хүний ур чадварын нэгдэл байсан юм.   “Жү­жиг­чин хүнд ер нь нэг их онол ярьж сургаад байх хэрэггүйдээ” гэж Шу­карь багш над нэг удаа хэлсэн юмдаг. Хожим нь би өөрөө кино драмын ангид багшилж байх үедээ хүнийг номоор сэнхрүүлж жүжигчин болгодоггүйг ойлгосон. Багшийн энэ үг миний уран бүтээлийн зарчим болж үлдсэн юм. Шукарь багш энгийн үед эцэг хүний ёсоор амьдралын аар саар зүйлийг надад их хэлж сургадаг байв. “Гологдсон хүүхэн” киноны өвлийн зураг авахаар бид Төв аймгийн Алтанбулаг суманд очоод Долинго­рын их цасан дунд морио тавьж явуулаад хоёр таяг тулан бадарчин болж, алсыг зорьдог хэсгийн зураг авалтын үеэр их хүйтэн явган шуургатай байсан юм. Би өглөө босч, ус халаагаад гар нүүрээ угааж байтал Шукарь багш хажууд ирж, гараараа цас хутган нүүр гараа угааснаа надад “Бүлээн усаар угааснаас цасаар угаа. Даардаггүй юм” гэсэн сэн. Тэгээд тэр өвөлжин­гөө би нүүр гараа цасаар угаагаад үнэхээр даараагүй юмдаг. Шукарь багш ер нь жижиг гэлтгүй сургаал гэхээсээ илүү энэ мэт амьдралын ухаанаас үүдэлтэй зүйлийг хэлж өгдөг байлаа. Багш, кинонд тоглуулах жүжигчин шилэхдээ ролийг нь жижиг гэлтгүй тэдэнтэй их няхуур ханддаг байв. “Гологдсон хүүхэн” киноны жүжиг­чин сонгох ажлаар багш, бид хоёр Архангай явсан юм. Тэнд Соёлын ордны сайн дурын уран сайханчдын тоглолтыг үзэж яваад бага ангийн багш нэг намхавтар туранхай хүнийг багш ихэд олзуурхан сонирхож “Чи бид хоёр На захирагчийгаа олчихлоо шүү”гэж билээ. Тэр хүн хожим нь Хөдөлмөрийн баатар цол хүртсэн ахмад багш Дагва гуай байсан юм. Тэгэхэд би Дагва гуайг тоглож чадах­гүй гэж дотроо голоод багшид хэлэ­хэд “Зүгээр. На захирагч яг л ийм хүн байх ёстой” гэж хэлж байсныг нь одоо санахад дүрд тохирох типаж буюу гадна төрхийг нь гайхалтай мэдэрч олж харсан хэрэг байлаа. Энэ мэт жишээ олныг дурьдаж болно. Багш ер нь нэг хоёрхон удаа гараад өнгө­рөх жижиг ролиудыг хүртэл маш нарийн шилж, оролцон тоглогчдыг гайхалтай олж авдаг байсан. Ламд тоглосон Тэрбиш, жижиг рольд тогло­сон Цэрэнлхүндэв (хожим нь “Аман хуур” киноны Соном өвгөний дүрээр мөнхөрсөн) нарыг өөрөө нэрлэн намайг явуулж авчруулсан. Яруу найрагч А.Самбалхүндэв гуайг на­даар олуулж, ламд тоглуулахаар авчраад үсийг нь хусах болоход Самбалхүндэв гуай цааргаласан юм. Тэгэхэд Шукарь багш зальжин янзаар нүдээ онийлгон инээмсэглээд “Дам­динсүрэн гуайн “Гологдсон хүүхэн” кинонд тоглоно гэдэг чамд ховор олдох хувьдаа, өөрөө л мэд “ гэж билээ. Самбалхүндэв гуай хэсэг тээ­нэ­гэлзсэнээ “Нээрээ ч Дамдинсүрэн гуайнхаа кинонд дүрээ үлдээчихье” хэмээн зөвшөөрсөн юмдаг. Шукарь багш багаасаа амьдра­лын хүнд хатууг туулсан, хийж үзээгүй ажил байгаагүй тухайгаа ярьдаг байсан юм. арваад настайдаа бичиг үсэгт тайлагдан 10-ын дотор тоо бодож сурсан гэдэг сэн. Дараа нь цэргийн алба хааж 1936 онд 24 настайдаа Бөмбөгөр ногоон театрт дагалдан жүжигчнээр орж ажилласан юм билээ. Тэр үед театрын уран сайхны удирдагч бөгөөд манайхны нэрлэж заншсанаар сургагч най­руулагчаар ажиллаж байсан В.А.Борейшогийн удирдлага дор жүжигчний түр курсэд суралцсанаар театрын урлагийн түүх, дэлхийн болон Оросын сонгодог жүжгийн уламжлал, шинэчлэлтэй танилцаж, К.С.Станиславскийн системийн дагуу жүжигчний уран чадварыг мэргэж­лийн түвшинд эзэмшжээ. Шукарь багш, Д.Намдагийн зохиолоор  Борей­шогийн найруулсан “Сүрэг чоно” жүжгийн Данзангийн дүрд амжилттай тоглосон нь түүний уран бүтээлийн гараа байлаа. Энэ дүр дээр ажиллаж байх үедээ дадлага туршлага муутай, залуу жүжигчин давтлага сургуу­лилалт дээр олонтаа алдаж, хэсэг бүрийг олон дахиулснаар зарим ахмад жүжигчдийг цухалдуулж байс­наас тэд Борейшод хандан “Сургагч минь, юм мэдэхгүй бандийг заавал гол дүрд тоглуулах ямар хэрэг байна” хэмээн гомдоллож, өөр хоо­рондоо “Энэ өөлдийн жөрөн цагаан бүр дэндэж гүйцлээ” гэцгээн, солихыг шаардаж байсан гэдэг. Тэгэхэд найруулагч Борейшо “Өнөөдөр Мон­го­­лын тайзан дээр Данзангийн дүрийг Чимид-Осороос өөр бүтээх хүн байхгүй” гэж эрс тэс шуудхан хэлсэн нь “надад ихэд итгэж найдан, өндөрт өргөсөн хэрэг байлаа” гэж Шукарь багш дурсан ярьжээ. Манай ахмад үеийн мэрэгжлийн жүжигчдийг өсөж өндийхөд онцгой үүрэг гүйцэтгэсэн хүний нэг бол найруулагч В.А.Бо­рейшо яах аргагүй мөн. Ардын жүжигчин Нямын Цэгмэд гуай “Бо­рей­шо багш” хэмээн үргэлж дурсан ярьдаг байсан. “Цамцны чинь суг чийг даан хөлрөөгүй цагт та тайзан дээр олигтой дүр бүтээж чадахгүй” гэж Борейшо багш бидэнд сургадаг бай­сан гэж Шукарь багш ярьдагсан. 1949 онд дээрх жүжгийг Төв театрт тоглох болоход театрын удирдлага Цагааны Цэгмэдийг Чог­донд тоглуулахаар онооход Ц.Цэгмэд гуай “Цагааны Цэгмэд, Дэндэвийн Чимид-Осортой барилдаад ойчиход хамаа алга. Харин би БНМАУ-ын Ардын жүжигчний алдрыг унагахыг хүсэхгүй байна”  гэж хэлсэн гэдэг. Мөн гавьяат жүжигчин Мижиддоржийг Чогдонд тогло гэхэд нь “ Би дийлэхгүй “ гээд зөвшөөрөөгүй гэж ярьдаг. Үүнээс болж театрын захиргаанаас дээрх хоёр жүжигчнийг тушаалаар донгодож, арга хэмжээ авчээ. Эндээс харахад Шукарь багшийн бүтээсэн Чогдон хувилгаан нь үнэхээр дав­тагдашгүй дүр болон мөнхөрсөн нь тодорхой. Жинхэнэ бурхнаас заяасан авьяастай, агуу жүжигчний уран бүтээлийн замнал Монголын театрын ертөнцөд тод томруун ул мөрөө үлдээсэн боловч тийм ч шулуун дардан байгаагүй гэдгийг ахмад уран бүтээлчдийн дунд ам дамжин яригд­сан яриа болон дурсамж тэмдэглэ­лээс үзэхэд тодорхой байдаг. Түүнийг театрт ороод удалгүй үзэгчдэд танил болон алдаршиж, өнөөдрийнхөөр бол “тайзны од” болон гарч ирж байхад нь түүнд атаархан, жөтөөрхөгчид элдэв хэл ам хийж, түлхэж унагах гэсэн оролдлого гаргаж  байсан юм билээ. 1932 онд баруун аймгуудад гарсан дээд толгой лам нарын удирдсан эсэргүү бослогын үеэр Эвлэлийн гишүүнийхээ хувьд тэрхүү бослогыг дарах үйл хэрэгт оролцож байгаад эсэргүү нарт баригдаж  явс­ныг нь гүтгэн мушгиж, хожим нь намын гишүүнд элсэхэд нь хилс хэрэгт унагааж байсан түүх бий. Хамт олны дундаас гарсан тэрхүү гүтгэ­лэгээс болж Чимид-Осор гуай гомдон театраас гарахаар шийдэж, төрсөн нутаг Архангай аймагтаа ажиллахаар зорилготой явахаар болоход нь тэр үеийн театрын найруулагч асан Рабинович араас нь хүн явуулж, “Чи, Чимид-Осорыг олж уулзаад хүмүүст гомдож болно. Харин театртаа гомдож байна уу гэдгийг асуугаад ир “ гэж захисан байдаг. Ийнхүү Чимид-Осор театртаа эргэж ажиллах үед Раби­нович найруулагч Э.Оюун гуайд “Эмзэгхэн сэтгэлтэй энэ залуу их ч юм амсана даа. Харин авьяасдаа хөтлөгдөөд театраас салахгүй гэдэгт би итгэж байна” хэмээсэн гэнэлээ. Шукарь багш Төв театрт зөвхөн жүжигчнээр ажиллаад зогсохгүй бусад зохиолчидтой хамтран “Хатан­баатар Магсаржав”, “Мөнхийн гавьяа” зэрэг жүжгийн зохиол бичиж, тайзнаа тоглуулж байсны зэрэгцээ гавьяат жүжигчин Ерөөлтийн Гомбодоржтой хамтран “Жүжигчний ажиллагаа” хэмээх онолын номыг 1946 онд бичиж хэвлүүлсэн нь одоо ч үнэ цэнээ алдаагүй. Энэхүү номонд тайзны урлагийн онолын тулгуур болох Станиславскийн сургаалийн мөн чанарыг Монголын театрын урлагийн онцлогтой чадварлаг уялдуулан монгол хөрснөө буулгаж, тайлбарлас­ныг өнөөг хүртэл хэн ч давтан туур­виж чадаагүй байгаа юм. Шукарь багшийг ямар ч их, дээд сургууль төгсөөгүй гэж ярьдаг нь худал. Багш ер нь угийн сэргэлэн, асар хөдөлмөрч, сүрхий гүйлгээ ухаантай хүн байлаа. Тэрбээр театрт ирэхээсээ өмнө 20 нас хүртлээ хөдөө мал маллаж, сумын манаач, галч, өртөөний улаа нэхэгч зэрэг элдвийн хар бор ажил хийж явсан нь хожим уран бүтээлд нь ихээхэн нөлөөлсөн байдаг. Түүнээс гадна бага наснаасаа ардын уламжлалт урлагийг ихэд сонирхон үлгэр домог цуглуулж, ардын дуу эвлэгхэн дуулж, зүйр цэцэн үг, ерөөл магтаалыг чээжээр уншдаг байсан тухай үеийн­хэн нь дурсан ярьцгаадаг. Магадгүй ардын урлагт хайртай сэтгэл нь хожим түүнийг их урлагт хөтөлсөн байж ч мэднэ. 1980-аад оны сүүлчээр Шукарь багш нэг өдөр надад гарынхаа алгыг дэлгээд “Жийгээ энийг хардаа. На­майг церрози гэсэн. Архи ууж болох­гүй гэх юм. Уухгүй байна гэж юу байхав. Олон жил болж байна. Гайгүй байхаа. “ гээд инээж байж билээ. Удалгүй бие нь чилээрхэж, хэвтэрт орсон юм. Сүүлд намайг нэг эргэж очиход багшийн тэнхээ нэлээд доройтсон янзтай босоо дэртэй, хэвтэж байв. Намайг ороход нэлээд баяртай инээмсэглэн угтав. Дэргэд нь очоод суутал авгайгаа дуудан “Дондоов, хүүхдэд юм хийж өг “ хэллээ. Орны нь дэргэдэх жижиг ширээн дээр шил архи хоёр жижиг хундага байв. Дондов эгч орж ирээд бид хоёрт архи хундагалж өгөөд гарахад багш хундгаа бариад намайг тогтоон харснаа “уучих” гэсэн янзтай толгой дохив. Би хундагатайгаа тогтоогоод багшийг харахад тэрбээр  архины дээжээс  духандаа хүргээд над уруу нэг их сүрхий ажиглан харж билээ. Тэр харц бол үг хэлээгүй мөртлөө “Багш нь ингээд өнгөрлөө­дөө. Чи, бид хоёр сүүлчийн удаа уулзаж байна” гэсэн ширтэлт байсан­даа. Шукарь багшийн тэр харцыг би одоо ч гэсэн мартаж чаддаггүй юм. Би багшийг театраа орхин кинонд ирээд олон жил болоход дотроо ихэд харамсан “Шукарь багш яах гэж кинонд ирсэн юм бол, театртаа байсан бол олон сайхан дүр бүтээж, аль эрт Ардын жүжигчний алдрыг хүртсэн байхсан” гэж бодож явсан боловч өөрөөс нь зүрхлэн асууж чадаагүй юм.  Манай ерөнхий ин­женер байсан С.Батчулуун гуай энэ талаас сонирхон асуухад нь Шукарь багш “Театрын тайз бол хязгаарлагд­мал орчин. Кино огт өөр. Кинонд юуг ч үзүүлж, хүний сэтгэлийг яаж ч нээж болно. Би энэ давуу талыг нь түшиж, кинонд ирсэн юм “гэж хариулсан байгаа юм. Үнэхээр ч киноны агуу их боломж, хүч чадлыг бодолцож, багш кино урлаг уруу зүтгэсэн байж болно. Хожуу ч гэсэн багшид маань Ардын жүжигчин цол олгож, авьяасыг нь үнэлсэнд би баярлаж явдаг. Энэ жил Монгол Улсын Ардын жүжигчин, кино найруулагч Дэндэвийн Чимид-Осор буюу миний нэрлэж заншса­наар Шукарь багшийн минь мэндэлс­ний 100 жилийн ой тохиож, олон түмэн түүний уран бүтээлтэй дахин нүүр учран золгох завшаан тохиож буйд энэ ажлыг чин сэтгэлээсээ зохион байгуулж байгаа бүх хүмүүст гүн талархал илэрхийлье. Г.ЖИГЖИДСҮРЭН (Ардын жүжигчин, кино най­­руулагч, зохиолч,)

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tumur:
Монгол түмний сор болсон цөөхөн хүмүүсийн нэг Хааяа тоглосон киног нь үзэхээр бурхан болсон аав маань амилаад ирэх шиг болдог
2013-06-20
Mgl1:
Yaah argaguyi minii nutgiin uvgun duu
2013-05-01
Цорос овогт Хадын Пүрэвдагва:
Нутгийн минь цог хийморь болсон Сайхан өвгөчүүдийн маань нэгэн гол төлөөлөгч, ард түмний хайр, хүндлэлийг хүлээсэн гэгээн эрхэм ах Зайдавын Чимид-Осор ахыгаа дуурсаж байна аа. Сайхан дурсамж бичсэн эрхэм нөхөр Жигжидсүрэндээ талархаж байна. Архангай аймгийн Өлзийт сумын 2-р багийн нутаг Хөшигийн нурууны Яргайтын жалганд төрсөн гэдэг өвгөн буурал ахынхаа төрсөн газар жил бүр очиж идээнийхээ дээжийг өргөж , миний нутгаас зон олноо дуурсгасан олон сайхан хүмүүс төрөх болтугай гэж залбирдаг юм аа. Миний чин хүсэл биелэнэ ээ. Манай нутгаас олон олон Чимид-Осор төрнө өө. Дондовэгчдээ, үр хүүхэд нарт нь Аз жаргал хүсэн Ерөөе
2012-12-20
Saixan jyjigchin,saixan niitlel, saixan setgegdlyyd...
2012-12-20
shine delhii:
shine delhii tv geer garch bsan nevtruulegees avsan bna Chimed Osor guin talaar olon saihan humuus yrisanaas gantsiig ni avsan ni haramsaltai
2012-12-19
Ta bagshiinhaa araas saihan buyan hiijee. Chimid-Osor guai 1972 ond "Chimgeegiin tursun udur" kinonii zurgiig avan Darhan hotiin vokzal deer buun gerel, boroo oruulah gal kamaand ui olon hun dund zurag avch baihiig ni harsansan.
2012-12-19
Өөлд хүн:
САЙХАН ДУРСАМЖ БАЙНАА БАЯРЛАЛАА
2012-12-19
Mongol hun bish baisiim uu?
2012-12-19
Атаархагч:
Би танд атаархаж байна Жигжидсүрэн найруулагчаа Би та байсан ч болоосой
2012-12-19
Хүннү:
Бидны бахархал омогшил Энэ мэтийн өвөгчүүдэд л байдаг шүү дээ Бурханыхаа оронд гэгээлэг сайхан олон дүр бүтээж байгаа байхдаа Амжилт
2012-12-19
Бямбадорж:
Үнэхээр урлагийн бурхан шүү дээ Хоньны найрын өвгөний дүрээр надад хоногшин үлдэж дээ Бурхан өршөөг
2012-12-19
Өлзий:
Үнэхээр сайхан сэтгэл хөдөлгөм нийтлэл дурсамж болж.Би Чимид-Осор гуайн хүү Болдтой найз билээ.Гэрт н зөндөөл очиж орж гарч байлаа.Үнэхээр сайхан зөөлөн сэтгэлтэй буурал байсан.120 мянгатын шар байранд 2 давхарт гэр нь байсан.Урагш харсан цонхоор нь АПУ-гийн үйлдвэр харагддаг юм.Одоо тэр байр н зарагдсан гэсэн.Тэр үед Ч.Болд,С.Энхрбаяр бид 3 ажлын анд сайхан найзууд байлаа.Түүнээс хойш уулзалгүй их олон жил болжээ.Тэднийх Гоодойн аманд кино үйлдвэрийн зусланд гардаг манайх голынхоо эсрг талд Барилгын зургийн инистутын зуслангийн доох нь гардаг байсан.Залуу байхад үнэхээр сайхан байжээ...Би 2 найзынхаа аав ээжээр их бахархдаг байлаа.1.Ардын жүжигчин Чимид-Осор, 2.Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Доржсоргог нар билээ.
2012-12-19
Бямбадорж:
Үнэхээр урлагийн бурхан шүү дээ Хоньны найрын өвгөний дүрээр надад хоногшин үлдэж дээ Бурхан өршөөг
сө:
тиймээ яөх аргагүй өөлдийн шижир алт байлаа
2012-12-19
Mongol hun bish baisiim uu?
ирмүүн:
өглөө эрт энэ сайхан нийтлэл уншаад бүх юм сайхан сэтгэл нэг л тийм уянгатай зөөлөн,хамт ажилладаг хүмүүсээ ч хайрламаар, юунд ч уурлаж бухимдмааргүй, тайван гоё болчлоо.баярлалаа танд
2012-12-19
Yanjmaa:
Saihan dursamj baina. Zarim gazar ni nulims uuriin erhgui garch baina.
2012-12-19
maya:
setgeliin titem badraasan saihan dursamj baina. huuchnii avyastnuud yag l iim hun baisan um baina gej buuj honogshtol toglodog baisan ni gaihaltai sanagddag...
2012-12-18
монгол:
БИД Ч БАС АЗТАЙ ХҮМҮҮС ЭЭ. ЯМАР Ч САЛБАРТ САЙХАН ӨВГӨДТЭЙ Л ХҮМҮҮС ДЭЭ. ӨВГӨД МИНЬ..........?
2012-12-18