Монгол хүний үнэлэмжийг дээшлүүлнэ

img

Монгол улсын Эрүүгийн тухай хуулийн зарим заалтанд өөрчлөлт оруулахаар хууль санаачлагчид хэлэлцэж буй .  Энэ хүрээнд өнөөдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс “Монгол хүний үнэлэмж ба нөхөн олговор-Эрүүгийн хууль” сэдвийн дор хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ж.Батзандан,  Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, өмгөөлөгч О.Алтангэрэл, Хүний эрхийн хуульч Ичинноров, Иргэдийн шударга шүүх ТББ тэргүүн Бат-Ялалт нарын хуульчид, хохирсон иргэдийн төлөөлөл оролцов. Дэлхийн улс оронд иргэн нь хамгийн үнэт баялаг, хөгжил дэвшлийнх нь гол тулгуур байдаг. Тэр ч утгаараа иргэдээ хөгшин залуу гэж ялгахгүй, нийгмийн халамжийг бүх талаас нь шийдвэрлэж, халдашгүй дархан байдал,  амьд явах эрхийг нь хуульчилдаг. Мөн хэн нэгний буруутай үйлдлээс болон хохирсон тохиолдолд сэтгэл санааны болон  эд хөрөнгийн хохиролыг нь хэдэн сая доллараар нөхөн олгодог юм билээ. Харин манайд иргэдийнхээ амь насыг үнэлдэггүй, хууль шүүх нь өмгөөлж хамгаалах чадамжгүй, хохирлоо барагдуулах нь бүү хэл асуудлаа шийдвэрлүүлэх гэж  цаг зав, мөнгө төгрөгөөөрөө нэмж хохирдог нь нууц биш.   Монгол хүний эрх маш олон шалтгаанаар хохирч байдаг. Хамгийн ойрын жишээ гэхэд хэдхэн сарын өмнө барилгын ослоос үүдэн амь насаа алдсан бяцхан охины хэрэгт гэм буруутай этгээдийг тогтоосон. Гэвч тэр нь барилгын  мэргэжилгүй, түр ажилтан тухайн барилга дээр ажиллажбайхдаа краны арааг санамсаргүй оролдсоноос уг осол гарсан аж. Гэвч тухайн хүнийг ажлуулсан байгууллага, албан тушаалтан хариуцлага хүлээх ёстой атал бидэнд хамаагүй хэмээн мэдэгдсэн байна. Тиймээс золгүй байдлаар амиа алдсан талийгаач охины аав охиныхоо нэрээр “Есүгэн” сангийн тэргүүн Д. Батсайхан “Хохирсон иргэдэд шүүх цагдаагийн байгууллага үнэн зөв дүгнэлт гаргаж өгөх, хариуцдагын тогтолцоог сайжруудах хэрэгтэй. Хамгийн гол нь хариуцлага” хэмээн энэхүү хэлэлцүүлгийн үеэр мэдэгдсэн юм. Хэлэлцүүлэгт ирсэн иргэд цөм ямар нэгэн байдлаар, хэн нэгний буруутай үйлдлээс болон ойр дотныхоо хүнийг алдсан аж. Тэдний дунд хоёр жилийн өмнө Дархан-Уул аймагт галт тэрэгний араар тойрч явсан 4-8  насны хоёр хүүхэд нь  осолд өртөж  нэг нь газар дээрээ амиа алдаж, нөгөө нь гар хөлөө тайруулан хохирсон аав байсан юм.  Түүнийг Б.Энхтөр гэх ба Дархан-уул аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах ТББ-ийн тэргүүн аж.  Тухайн үед  уг  харамсалтай хэргийн дараа Дарханы төмөрзамынхан нөхөн төлбөр гэж 16 давхар байрандаа хоёр өрөө байр өгсөн гэнэ. Гэтэл тахир дутуу болсон бага хүүгээ эмнэлэгт үзүүлэх эмчилгээний мөнгө нэхэмжилж, хууль  хяналтын байгууллагаар явахад  нь “Нөхөн олговор өгсөн байна.  Тэгээд ч энэ эзэнгүй хэрэг” хэмээн хэрэгсэхгүй болсон аж. Тэрбээр хэлэхдээ “Дархан-уул аймгийн төмөр замын гарам нь ямар нэгэн хаалт хамгаалалт, анхааруулах тэмдэггүй бөгөөд энд гэмтэж, бэртэж амь насаа алдсан иргэд цөөнгүй гардаг. Тийм болохоор над шиг хохирч байгаа олон иргэдийн дуу хоолой болохоор энд ирсэн. Хамгийн гол нь миний хүүхдүүдэд тохиолдсон хэргийг хэрэгсэхгүй болсонд харамсаж байна” хэмээн нулимс дуслуулан өгүүлсэн юм. Монгол улсын хэмжээнд энэ мэт хохирсон иргэд маш олон бий. Тэд цөм нүдэндээ нулимстай, зүрхэндээ гунигтай, хайртай дотны хэн нэгнээ алдсан. Хэн нэгний хариуцлагагүй үйлдэл нөгөөд нь зовлон болон хоцорсон түүх ч үүгээр дуусахгүй. Хамгийн гол нь “хариуцлага” тооцох арга зам нь өөрчлөгдөж, хохиролд хүргэсэн албан тушаалтан ч давхар "бурууддаг" болсон цагт л энэ асуудал шийдэгдэнэ. Тиймээс иргэдээс ирсэн санал гомдол, хуулийн ямар зүйл заалтнаас үүдэн иргэд хохирлоо  барагдуулж чадахгүй байна вэ гэдгийг мэдэхийн тулд энэ удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан хэмээн холбогдох албаныхан хэлж байна. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ