
Ким Чен Ирийг нас барснаас хойш нэг жил өнгөрсөнтэй холбогдуулан Пхеньян хотод сая хийсэн гашуудлын ёслолын үеэр Умард Солонгосын удирдагч Ким Чен Уны хажууд энгийн хувцастай нэг үл таних хүн зогсож байжээ.
Зарим олон нийтийн мэдээллийн хэрэгсэл түүнийг учир битүүлэг хүн гэж нэрлэж байна. Тэрээр бусад арга хэмжээний үеэр ч Кимийн хажууд явж байжээ.
Ёслолын арга хэмжээн дээр тэр учир битүүлэг хүн БНАСАУ-ын зэвсэгт хүчний улс төрийн газрын тэргүүний уламжлал ёсоор суудаг байсан тэр суудалд суусан нь хэвлэлийнхнийг гайхашруулсан байна. Умард Солонгост улс төрийн зүтгэлтэн хүн тус орны удирдагчаас аль хэр зайтай байгаа нь засаглалын шатлалд эзэлдэг түүний бодит байр суурийг илтгэдэг чухал үзүүлэлт байдаг юм.
Ким Чен Уны дэргэд түүний бие хамгаалагч сууж байсан гэж Өмнөд Солонгосын “The Chosum Ilbo” сонинд таамаглан бичжээ. Гэвч энэ нь эргэлзээ төрүүлсэн бөгөөд юу гэвэл 60-70 насны энгийн хувцастай эр хамгаалагч байна гэдэг нь юу л бол.
Өмнөдийн учрыг мэдэх нэг хүний хэлснийг Ёнхап агентлаг иш татахдаа, энэ бол Умард Солонгосын “Ынха-3” пуужинг бүтээж, хөөргөх ажлыг харицаж байсан тус орны байгалийн шинжлэх ухааны хоёрдугаар хүрээлэнгийн захирал Чхве Чхун Сик гэж мэдээлжээ. “Тэр саяхан пуужин хөөргөхөд шууд холбоотой байсан болов уу” гэж нэрээ хэлэхийг хүсээгүй учрыг мэдэх хүн мэдэгдсэн байна.
Түүний дурдсанаар, ингэснээр Ким Чен Ун амжилтад талархаж байгаагаа илэрхийлэхээр шийдсэн байж болох юм. Учир битүүлэг хүн хэн гэдгийг бүрэн итгэлтэй хэлж чадахгүй байгаа, харин “хамгийн магадлалтай хувилбарыг” л илэрхийлж байсныг Өмнөд Солонгосын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд хүлээн зөвшөөрчээ.
Гашуудлын арга хэмжээний үеэр авсан гэрэл зургуудад гарсан тэр учир битүүлэг хүний зэрэгцээ Умард Солонгосын удирдагчийн гэргий Ли Соль Ю харагдаж байна.
”Телеграф” сонинд бичсэнээр, тус орны тэргүүний гэргий гашуудлын уламжлалт хувцас өмссөн хэдий ч, хэлхгэр даашинз түүний томорч байгаа гэдсийг далдалж чадаагүй ажээ. Ли Соль Ю олны өмнө 50 орчим өдөр үзэгдээгүй, бүр аравдугаар сараас эхлэн түүнийг бие шалтгаантай болсон гэх цуу яриа гарсан юм. Гэвч Ким Чен Ун удахгүй аав болно гэсэн албан ёсны мэдэгдэл гараагүй байна.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ