Завханы 6 сургууль 3-р зэрэглэлийн “Ногоон сургууль" гэрчилгээ авав

img

Ерөнхий боловсролын сургуулийн “Цэцэгчин” эко клубуудын дунд жил бүр уламжлал болгон зарладаг “Ногоон сургууль” уралдааныг энэ жил сургууль бүрийг ногоон гэрчилгээжүүлэхээр төлөвлөн амжилттай зохион явууллаа. Тус уралдаан нь өсвөр залуу үеийнхний экологийн боловсролыг дээшлүүлэх, мод сөөг, зүлэг тарьж арчилж ургуулах арга технологид сургах, улмаар хүүхдийн орчинг ногоон байгууламжтай, эрүүл, аюулгүй, таатай орчин болгоход сургууль хамт олон, сурагчдыг чиглүүлэх зорилготой юм. Мод, бут, мандлын цэцэг, зүлэг, тасалгааны цэцэг, хүнсний ногоо тарьж ургуулсан байдал, бусад ногоон гэж хэлж болох ажлын үзүүлэлтээрээ энэ жил дараах сургуулиуд манлайлж, 3 дугаар зэрэглэлийн “Ногоон гэрчилгээ”-тэй болов. 1 дүгээр байр: Цагаанхайрхан сумын 9 жилийн бүрэн дунд сургууль 2 дугаар байр: Тосонцэнгэл сумын сургууль Тусгай байруудад: Чандмань-Эрдэнэ цогцолбор сургууль Жавхлант цогцолбор сургууль 3 дугаар сургууль Дэвшил сургуулиуд 3 дугаар зэрэглэлийн болзол хангалаа. Ирэх жил эдгээр сургууль 2 дугаар зэрэглэлийн гэрчилгээний төлөө, бусад сургууль 3 дугаар зэрэглэлийн гэрчилгээ авахаар өрсөлдөх нь. Завханы сурагчид “Ногоон сургууль” сэдвээр “БИОЛОГИ-21” уралдаанд оролцов Жил бүр зохиогддог “БИОЛОГИ-21” IX бага хурал 2011 оны 11 дүгээр сарын 1-нд “Ногоон сургууль” ерөнхий сэдвийн хүрээнд болж өнгөрлөө. Бага хурлын нээлтэд аймгийн засаг дарга Я.Санжмятав, Боловсрол соёлын  газрын дарга М.Алтанцэцэг, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Ц.Балхярваа, Отгонтэнгэрийн тусгай хамгаалалттай газрын дарга Д.Батдэлгэр болон холбогдох мэргэжилтнүүд оролцов. 2011.11.4_ZawhanБайгаль орчинд тулгамдаж буй асуудлуудыг хамтран хэлэлцдэг энэ бага хуралд Байгаль орчны консорциумын тэргүүн доктор Т.Бадарч, Байгаль орчны Мэдээлэл сургалт сурталчилгааны төвийн тэргүүн Л.Тэмүүжин, Швейцарийн хөгжлийн агентлагийн цөлжилтийг сааруулах төслийн ажилтан С.Солонго нар урилгаар оролцон “Цөлжилтийн асуудалд”, “Бид нэг дэлхийтэй” сэдвүүдээр багш сурагчдад дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. “БИОЛОГИ-21” сурагчдын судалгааны уралдаанд Улиастай сумын ЧЭЦ, Тэс, Дөрвөлжин, Идэр, Баянхайрхан, Тосонцэнгэлийн 1, 2-р сургууль, Шүлүүстэй, Улиастай дэвшил, Цагаанхайрхан зэрэг сургуулийн 8-11-р ангийн 18 сурагч, тэдний судалгааны ажлыг удирдан 16 багш бага хуралд оролцсон. ЕБС-ийн 8-9-р ангийн ангилалд Дөрвөлжин сумын 9-р ангийн сурагч М.Амаржаргал “Ногоон тасалгаа” сэдвээр тэргүүн байр, Цагаанхайрхан сумын 9-р ангийн сурагч Т.Уртнасан “Цагаанхайрхан сумын сургуулийн модлог ургамалын ургалт ба цаашдын бодлого” сэдвээр дэд байр, Дөрвөлжин сумын 9-р ангийн сурагч Ц.Анимаа “Бидний амьдралд ногоон орчин” сэдвээр 3-р байр эзлэв. Харин 10-11-р ангийн ангилалд Баянхайрхан сумын 11-р ангийн сурагч Н.Эрдэнэцацрал “Тогтвортой хөгжил-Ногоон сургууль” сэдвээр 1-р байр, Улиастай сумын ЧЭЦ сургуулийн 11-р ангийн сурагч А. Дашжаргал “ЧЭЦ сургуулийн орчны цэцэрлэгжүүлэлт” сэдвээр 2-р байр, Шүлүүстэй сумын 11-р ангийн сурагч М. Тунамал-Эрдэнэ “Ургамлын амьдрах орчинд хүний нөлөөлөл” сэдвээр 3-р байрыг тус тус эзэллээ. “БИОЛОГИ-21” Х бага хурлыг 2011 оны 5 дугаар сард “Агаарын бохирдлоос сэргийлэхэд бидний оролцоо” ерөнхий сэдвийн хүрээнд явуулахаар шийдвэрлэлээ гэж Завхан аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн М.Санаажуу мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

намжилмаа:
манай сургууль эко сургуулийн болзол хангасан. Цаашид энэ гэрчилгээг авахын тулд хаана хандах вэ. Увс аймгийн Сагил сумын дунд сургуулиас
2013-02-21