Өчигдөр 20:00 цагаас хип хопчин Rokit Bay-ийн “Нэг өдрийн хаан” нэртэй анхны бие даасан тоглолт UB palace-т боллоо. Тоглолт эхлэхээс өмнө үзэгчид тоглолтын заал руу орох гэж дараалан зогсож, хурдхан шиг эхлэхийг хүлээж байлаа. Тоглолт товлосон цагаасаа хоцорч эхэлсэн ч Rokit Bay, Rokit Bay, Rokit Bay гэж үзэгчдийн хашгираан дунд гарч ирэн эхний дуугаа дууллаа. Үзэгчдийн дийлэнх нь оюутан сурагчид байсан юм. Үзэгчид дуу бүрийг нь даган дуулж, үг бүрийг нь цээжилсэн байхыг сонссон тоглолтын зохион байгуулагчид болон Rokit Bay өөрөө ч их гайхаж хүлээн авсан юм. “Нэг өдрийн хаан” тоглолт цаг гаруй хугацаанд үргэлжилж, дуусч байгаагаа зарласан юм. Үзэгчдийн сэтгэл ханаагүй бололтой ахиад л Rokit Bay гэж арав гаруй минут хашгирч тэр тайзан дээрээ ахин гарч ирлээ. Үзэгчдийн хүсэлтээр “Аваад яв” дуугаа ахин дуулж үзэгчдийн хэсэг рүү орсон юм. Үзэгчид түүнийг дээш нь өргөн шидэж, дамжуулсаар яваад тайзан дээр нь аваачлаа. Тэрээр тоглолтоо дууссаны дараа маш их баярлалаа. Би дараагийн цомогтоо орсон байгаа гэж хэлсээр тоглолт өндөрлөлөө. Тоглолтын дараа түүнтэй цөөн хэдэн хором ярилцлаа.

- Сайн байна уу? Тоглолт дажгүй боллоо. Өөрийн чинь бодож байсан шиг тоглолт болж чадав уу?
- Би энэ л өдрийг хүлээж байсан. Анхны тоглолтон дээр маань үзэгчид миний нэрийг дуудаж, дууг маань даган дуулахыг л хүлээсэн. Бүх үзэгчиддээ баярлалаа. Дараагийн цомгийн ажилдаа орчихсон байгаа гэдгээ хэлье.
- Тоглолт эхлэхийн өмнө хэр олон хүмүүс ирсэн бол гэж харав уу?
- Би өрөөнөөс огт гараагүй ээ. Орж ирэхээр нь харья гэж бодож байлаа.
- “Пуужин Баяраа” цомгоо магтаач?
- Цомог маань хэвлэлтээс ирсэн даруйдаа хурдан борлогдсон. 6900 төгрөгөөр зарагдсан. Гэхдээ одоо дуусчихсан, олдохгүй байна гээд надруу ярьж байна лээ.
- Өөрийн чинь дуунуудыг сонсоод байхад хүсэл мөрөөдлөө их бичдэг юм шиг санагдсан?
- Өөрийнхөө хүсэл мөрөөдлийг бичдэг. Сэтгэл хөдлөлөө дуун дээрээ гаргадаг. Миний мөрөөдөлдөө тэмүүлж байгаа байдал. Би нэг эхэлсэн бол зогсохгүй. Цаашдаа өөр илүү чанартай уран бүтээл гаргасаар байх болно.
- Тоглолтыг их зориглож хийсэн үү? Чи бас гарч ирээд удаагүй байна шүү дээ
- Би өөрийнхөө карьерийг хөгжмөөр эхлүүлсэн байсан. Энэ тоглолтыг их зориглож хийсэн. Ярьсаар байгаад л хийх ёстой зам дээрээ ирчихээд байна.
- Амжилт хүсье.
- Баярлалаа.
У.Болортуяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ