Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал эхэллээ

img

УИХ-ын  Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр үдээс өмнө Төрийн ордны  “А” танхимд эхэллээ. Ирц бүрдсэн тул хуралдаан эхэлснийг Байнгын хорооны дарга А.Бакей танилцууллаа. Тэрээр мөн өнөөдрийн хуралдааны хэлэлцэх асуудлыг гишүүдэд уншиж сонсгов.

Эхний асуудал нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай /Шинэчилсэн найруулга/, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг байв.

Энэхүү хэлэлцэх асуудлын талаар Байнгын хорооны гишүүдэд өөр санал байгаагүй тул Ажлын хэсгээс оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар  санал хураалгаж эхэллээ.  УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат болон зарим гишүүдийн тодруулсан асуултад Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Р.Бурмаа хариулсан.  Эхний асуудлын анхны хэлэлцүүлэг ийн үргэлжилж буй бөгөөд хуралдаанд ирж оролцож байгаа СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн мөн гишүүдийн асуултад хариулт өгсөн юм.

 УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, гадаадад байгаа иргэдийн бүртгэл, нэрс хэр зэрэг тодорхой байгааг түүнчлэн чухам аль  байгууллагад гадаадад ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн санал өгөх асуудал  хамааралтай болохыг тодруулж, асуусан.

Одоогоор зарчмын зөрүүтэй саналын томъёоллын арван долоо дахь хэсэг дээр гишүүд санал хураалгаж байна.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж мөн саналаа хэлж, ойролцоо саналтай буйгаа УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат мөн хэлсэн.

Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа    Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүд мөн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн\-ийн анхны хэлэлцүүлгийг хийх юм.

Түүнчлэн  Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн\-ийн хэлэлцэх эсхийг хэлэлцэнэ.

Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудал болон зарим төслийг хууль санаачлагчид нь буцаах тухай асуудал ч өнөөдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэгдэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ