
Засгийн газраас гаргаж буй бондын асуудлаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
-Засгийн газраас 1,5 тэрбум бонд арилжаалж байгаа. Энэ бонд арилжаалсан хөрөнгийг үр ашигтай зарцуулах хэрэгтэй. Гэтэл өнөөдөр төсөл хөтөлбөрүүд нь бэлэн биш, хаана аль салбарт хөрөнгө оруулалтаа хийх вэ гэдэг нь тодорхой болоогүй зэрэг шүүмжлэлүүд дагуулж буй. Ер нь бондын талаар та юу гэж бодож байна?
-Засгийн газрын бонд гэдэг нь улс эх орноо барьцаалж байж авч байгаа зээл шүү дээ. Өмнө нь авч байсан ялангуяа шинэ тогтолцооноос буюу 1990 оноос өмнө манай улсын хилийн чанадаас авч байсан энэ зээл тусламжийн хувьд бондын үр дүн маш сайн гэж болно. Тухайн үеийн удирдлагууд улс эх орноо хөгжлийн шинэ шатанд гаргаж, цоо шинэ монгол улсыг байгуулж чадсан. Эцсийн үр дүн нь сайн. Энийг хэн ч үгүйсгэж маргахгүй байх. Харин 1990 оноос хойш 20 жилийн туршид авсан зээл тусламж, үүнтэй холбоотой мэдээлэл тодорхой бус байдаг. Тиймээс би УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хувиар Монгол улсын ерөнхий сайд энэ асуудлаар асуулга тавьсан байгаа. УИХ-аар танилцуулагдах байх. Уг нь энэ асуудлаа тодорхой болгоод УИХ дээрээ яриад явах ёстой.
-Зах зээлийн нийгэмд шилжсэн хойно ч зээл тусламжийн асуудал яригдсан хэвээр байна?
-Өнгөрсөн 20-иод жилийн хугацаанд Монгол улс 5 тэрбум ам.долларын зээл авсан. Энэ нь хуучин тогтолцооны үед авсан 11 тэрбум ам.долларын талтай тэнцэх хэмжээний тусламж аваад үрчихээд байгаа улс шүү дээ. Энэ зээлээрээ ард олон бидэнд нүдэнд харагдаж, гарт баригдахаар юм хийж чадсан уу гэвэл үгүй гэнэ. Нэг цахилгаан станц барьсангүй. Нэг шинэ соёлын ордон, театр, номын сан барьж чадсан уу гэвэл чадаагүй. Гэтэл энэ 90–оноос хойш авсан зээл тусламж нь тодорхойгүй байхад ахиад улс орноо барьцаалаад 5 тэрбум ам.долларын бондын асуудал яригдаж, 1,5 тэрбум долларыг нь маш яаравчлаад оруулаад ирлээ.
-Харин энэ асуудал дээр таны байр суурь ямар байгаа вэ?
Бонд гэдэг өрийн бичиг шүү дээ. Өрийг нь төлж байгаа. Өдөрт 300 гаруй сая төгрөгийн хүү төлж байна. Гэтэл энэ нь төрийн бодлого ямар түвшинд байгааг харуулж буй хэрэг. Төрийн бодлого гэдэг нь энэ төрийг түшиж байгаа засгийн газрын гишүүд, улс төрийн намууд, улстөрчдийн сэтгэл, чадал санааг харуулдаг. Тиймээс эдийн засгийн үр ашиг нь тодорхой, үр дүнгээ шууд өгөх төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх шаардлагатай байгаа юм. Харамсалтай нь манай эрх баригч эрхмүүд маань энэ талаар тодорхой тооцоо, урьдчилсан судалгаа, хэрэгжүүлэх гэж байгаа төсөл хөтөлбөр нь бэлэн байсангүй. Өнөөдөр жирийн нэг айл өрх банкнаас зээл авахад тэр өдрөө л шууд зарцуулдаг. Магадгүй хэрэглээ талдаа илүү буюу гэр бүлдээ шаардлагатай зүйлд зарцуулах гэж байгаа ч цаг алдахгүй шийдвэрлэх тооцоо судалгааг хэдийн хийсэн байдаг. Тэгтэл бүхэл бүтэн нэг улсын асуудал шийдэх гэж байж иймэрхүү хариуцлагагүй, тодорхой бус сууж байгаа нь үнэхээр харамсалтай хэрэг. Бондын хүүнд өдөрт 300 гаруй сая төгрөг төлж байгаа нь бага мөнгө биш. Өдөр бүр нэг шинэ цэцэрлэг барих хэмжээний хөрөнгө үрэгдэж байна гэсэн үг. Үрэгдэж байна гэдэг нь тэр авсан зарцуулалт нь тодорхой бус ашиглаж чадахгүй байгаа зээлийн хүүнд л төлөөд байгаа хэрэг. Тийм учраас энэ төрийн бодлого, тодорхой урьдчилсан тооцоо судалгаан дээр тулгуурласан, нэгэнт эхлүүлсэн ажилдаа тууштай, залгамж чанараа алдалгүй үр дүнд хүргэхийн төлөө явах ёстой.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ