Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн ерөнхий инженер Ш.МӨНХЖАРГАЛТАЙ цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Өвлийн улирал ид дундаа орж байна. Энэ үед өвөлд бэлэн үү гэхээс илүү¬тэй хотын дулаан хангам¬жийн байдал ямархуу байгаа талаар хоёулаа яриагаа эхлэх үү?
-Энэ жилийн халаалтын улирлын оргил ачааллын үед батлагдсан горимын тооцоогоор гурван цахилгаан станцаас цагт 19500 тонн сүлжээний усыг гадна агаарын температураас хамааруулан халааж ажиллах ёстой. Одоогийн байдлаар 18600 тн/ц сүлжээний усны зарцуулалтай ажиллаж байна. Өвлийн улирлын хувьд нэгдүгээр сар хамгийн хүйтэн. Гурван станц гурвуулаа харьцангуй тогтвортой ажиллаж байгаа ч зарим тоноглолууд бэлтгэлгүй ажиллаж байна. Гэхдээ энэ жил төслийн шугмаар II цахилгаан станцад ашиглалтад орох байсан зуух цаг хугацаандаа ороогүйгээс болж, 1000 тн/цаг сүлжээний устай ажиллахаар тооцогдсон. Тиймээс одоогийн байдлаар 750 тн/ц устай ажиллаж байна. Үлдсэн ачааллыг IV цахилгаан станц шилжүүлсэн байгаа. Зуны засварын ажлуудыг төлөвлөгөөний дагуу бүгдийг хийсэн. Харин энэ жил улсын төсвөөр насосны гуравдугаар станц бүрэн шинэчлэгдэх ёстой байсан. Гэвч тоноглол нь нийлүүлэгдээгүй учир дараа жил хүртэл хойшлогдсон. Гэхдээ тоноглолууд хэвийн ажиллаж байгаа. Энэ жилийн арваннэгдүгээр сарыг өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 50 мянган Гкал дулааны эрчим хүч илүү түгээсэн. Одоо арванхоёрдугаар сард ойролцоогоор 80 мянган Гкал дулааны эрчим хүчийг тус тус илүү түгээж байна. Энэ нь гадна агаарын хүйтрэлттэй холбоотой юм. Угсармал орон сууцнуудын хувьд хэчнээн халаалт өгсөн ч гадаа хүйтрэх тусам дулааны алдагдал огцом нэмэгддэг.
-Тэгвэл өнөөдрийн байд¬лаар дулаан түгээхэд асуудал гараагүй гэж ойл¬гож болох уу?
-Тэгж ойлгож болно. Гэхдээ сүлжээний найдвартай ажиллагаа нь хүчин чадлын чадавхи, эх үүсвэрийн болон шугам сүлжээний тоноглолын найдвартай ажиллагаанаас хамаардаг. Өнөөдрийн байдлаар дулаан хангамж эх үүсвэрийн хүчин чадлын дутагдалд орсон байгаа. Иймд 2014 оны төвшинд дулааны шинэ эх үүсвэр байгуулахгүй бол цаашид нийслэл хотыг дулаанаар хангахад бэрхшээлтэй болно. Энэ жилийн хувьд дулаан хангамж тогтвортой байна. Бид аль болох өвлийг бэрхшээлгүй даван туулахыг хичээж ажиллаж байна. Тиймээс энэ жил УС-15-ын том жижиг нийлсэн таван халаалтын зуухыг зогсоож, 10 Гкал/ц-н ачаалалтай хэрэглээг төвлөрсөн дулаан хангамжид холбосон. Эдгээр зуух нь жилд 22 мянган тонн нүүрс шатаадаг байсан. Энэ нь нийслэлийн агаарын бохирдлын 40 хувийг дангаараа бүрдүүлж байсан гэсэн үг. Уг зуухнуудыг зогсоосноор агаарын бохирдлыг 40 хувь бууруулах боломжийг бүрдүүллээ гэж ойлгож болно.
-Улаанбаатар хотын шугам сүлжээнүүд хуучирч элэгдсэн. Энэ нь дулаан дамжуулахад бэрхшээл үүсгэж байна гэдэг.
-Нийслэлийн дулаан дамжуулах шугамын 30-аад хувь нь насжилтын хугацаа дууссан. Энэ нь юу өгүүлж байна вэ гэхээр ашиглалтын хугацаа дууссан, эдгээр шугамаар дулаан дамжуулахад гэмтэл гарч, хагарч, цоорох магадлал өндөртэй. Хэдийгээр зуны засварын цагт даралтын туршилт хийж шалгаж байгаа боловч өндөр температурт ажиллах үед хуучирсан шугамууд уярах, гагнаасаар цуурах, тулгууруудад гэмтэл гарах эрсдэлтэй. Ийм хуучирсан шугамтай байхад дулаан дамжуулах ажил найдвартай гэж хэлэх боломжгүй. Хуучирсан шугамын аль нэгэнд гэмтэл гарвал түүнийг хурдан шуурхай засч сэлбэж ажиллагаанд залгахаас өөр аргагүй. Тэгэхээр иргэд хотын шугам сүлжээний насжилт өндөр байгаа, хүчин чадлын хувьд дээд цэгтээ хүртэл тулгаж ажиллаж байгааг зөвөөр ойлгох хэрэгтэй.
-Хүйтэний эрч дөнгөж чангарч байгаа үед дулаан доголдож эхэлсэн. Ийм нөхцөлд өвлийг давах боломж бий гэж үү?
-Бидэнд дулааныг доголдолгүй дамжуулж, өвлийг давахаас өөр аргагүй. Гэхдээ хаана, юунаас болж дулаан дамжуулалт доголдож байгааг шалгах хэрэгтэй. Шугам сүлжээ асар олон дамжлагаар дамжиж хэрэглэгчийн халаах хэрэгсэлд хүрдэг. Халаах хэрэгсэл нь өөрөө бохирдчихсон, битүү босоо шугамтай орон сууцнууд байна. Тэр нь сууц өмчлөгчдийн өмч. Байранд амьдарч байгаа иргэд үүнийгээ өөрсдөө засч сэлбэх ёстой. Дулаан дамжуулах төв дээр байгаа тоноглолууд нь хүрэлцэхгүй, хүчин чадал нь дийлэхгүй асуудал байгаа. Энэ нь орон сууцны контор, орон нутгийн өмчлөлд байгаа газруудын хийх ёстой ажил. Тэгэхээр бид бол дулаан дамжуулах төв хүртэлх параметрийг хариуцдаг.
-Тэгвэл танайхаас дулаан дамжуулах төв хүртэлх дулаан дамжуулалт ямар ч асуудалгүй гэсэн үг үү?
-Гэхдээ юуны түрүүнд хоёр сүлжээ хоорондоо маш нарийн хамааралтай ажилладаг учраас алинаас гэдгийг хамтад нь авч үзэх ёстой. Өнөөдрийн хувьд XVI хорооллын чиглэлд дулаан хангамж хүрэлцээ жаахан тааруу байна. Шинээр барьсан барилгууд хулгайгаар дулаанд холбосон зөрчил илэрсэн. Түүнчлэн УС 15-ын үйл ажиллагаа хүндхэн байна. Уг нь хуучин халаалтын зуух ажиллаж байсан үеийнхээс дээрдсэн. Гэхдээ хуучин халаалтын зуухтай байх үед дотор систем асар их бохирдсон. XVI хорооллын чиглэлийн байруудыг төвлөрсөн дулаанд холбосон байруудтай адил хэмжээнд дулаан өгч байгаа ч бөглөрөлтөөс болж сайн халахгүй байгаа.
-Орон сууцны конторууд “манай шугам сүлжээ¬ний хувьд цэвэрхэн байгаа. Харин Дулааны шугам сүлжээнээс ирж байгаа хоолойнууд бөглөрөлтэй учир дулаан хангамж муу байна” гэж тайлбарладаг?
-Хаанахын контор тэгж байна.
- Хэд хэдэн орон сууцны контор тийм асуудал ярьсан.
-Үүнийг үзэж, шалгаж байж шалтгааныг нь тодорхойлно. Өнөөдөр ОСНААУГ-ын ээлжийн инженер, нийслэлийн шуурхайд ирсэн гомдол саналуудыг судалж үзэхэд дулаан хангамжийн жигдрэлт өвлийн оргил ачааллынхаа горим тооцоонд орчихсон. Нэг ёсондоо халаалт жигдэрсэн гэсэн үг. Харин тог их тасарч байгаагаас болж, дулаан түгээхэд асуудал үүсч байгаа. Манайх найман өргөх станцаар дамжуулан дулаан түгээдэг. Өчигдөр (уржигдар) орой гэхэд 18-21 цаг хүртэл тог тасрахад хүчдэлгүй гурван цагийн хуга¬цаанд өргөх станц зогслоо. Энэ үед халаалт зогссон. Учир нь даралт үүсгэдэг цахилгаан тоноглолууд нь ажиллахгүй болохоор халаалт зогсоно биз дээ. Тэгэхээр сүүлийн гурван сард цахилгааны саатал их байна. Үүнээс болж дулаан хангамж байнга доголдож байна. Ялангуяа 18-21 цагийн хооронд цахилгааны тогтмол хязгаарлалт хийж байгаатай холбогдон дулааны хангамж тасалдахад хүрч байгаа. Өчигдөр гэхэд V хорооллын дулаан хангамж гурван цаг зогссон. Орой тог ирэхээр нь ахиад залгаж байх жишээтэй. Үүнийг орон сууцанд амьдарч байгаа иргэд ойлгохгүй, мэдэхгүй байна. Халаалт зогслоо гэж мэдэхээс биш тэр халаалтад явж байгаа тоноглолууд нь цахилгаанаар тэжээгддэг гэдгийг мэдэхгүй байна.
-Тэгэхээр цахилгаан тасрахгүй бол энэ өвөл дулааны хангамж доголдохгүй байх боломжтой байх нь ээ?
-Дулаан дамжуулахад доголдол гарах маш олон шалтгаантай. Дулаан хангамж нь олон зүйлээс хамааралтай. Нэгдүгээрт цахилгаан станцын горим ажиллагаанаас шалт¬гаална. Гэтэл өнгөрсөн долоо хоногт гэхэд гурван цахилгаан станц гурвуулаа доголдсон. Халаалтын зууханд гэмтэл гарсан учраас сүлжээний халуунаа 10-12 градус доогуур барьсан. Энэ байдал 4-6 цаг үргэлжилсэн байх жишээтэй. Зарим нь 24 цаг ийм байдлаар ажилласан. Нөгөөтэйгүүр дамжуулж байгаа шугам сүлжээндээ гэмтэл гарсан эсэхээс хамаарна. Одоогоор энэ төрлийн гэмтэл гараагүй хэвийн ажиллагаатай байгаа ч цаана нь түгээх тоноглолууд цахилгаанаас хамааралтай. Станц, шугам сүлжээндээ хэвийн ажилласан ч тог тасарвал халаадаг хэрэгслийн ажиллагаа зогсоно гэсэн үг. Нэг үгээр хэлбэл дулаан хангамж нь олон хүчин зүйлээс хамаардаг учраас бид бэлэн гэж хэлэхийн тулд нэгдүгээрт шугам сүлжээ талаасаа мөн цахилгаан станцын бэлэн байдлаас бас хамааралтай гэдгийг хаа хаанаа ойлгох хэрэгтэй. Гэхдээ энэ өвөл Улаанбаатар хотыг хөлдөөж, дааруулаад байхгүй гэдгийг баталгаатай хэлж чадна. Ер нь бодит байдал дээр тоноглол зогсох, гэмтэх магадлалтай.
-Хулгайгаар дулаанд залгасан 60 барилгын халаалтыг хаасан гэсэн. Тэдгээрт дахин халаалт залгахад нь хяналт тавьж ажиллаж байгаа юу?
-Үүнд байнгын хяналт тавьж ажиллаж байгаа. Гэхдээ хулгайгаар дахиж залгачих гээд их ярвигтай байна. Хэрвээ эдгээр барилгууд ахиж хулгайгаар дулаан залгавал дулааны хангамжид доголдол үүсэхгүй гэх баталгаа байхгүй.
-Зайсан орчмын барилгуудыг дулаанаар хангах боломжгүй гэдгийг танай байгууллага хэдэн жилийн өмнө мэдэгдэж байсан. Гэсэн ч шинээр барилгууд баригдсаар байгаа. Нэгэнт баригдсан барилгыг дулаанаар хангах асуудлыг хэрхэн шийдэх вэ?
-Манайхаас үүнд ямар нэгэн оролцоо байхгүй. Өөрсдөө яаж халаахаа шийдэхээс өөр арга байхгүй. Гэхдээ хуучин гэрээгээр манайхаас халаалт авч байгаа байрууд бий.
-ТЭЦ-V барих асуудал сураг алдрах шатанд орсон гэж мэдээлсэн. Гэтэл 2014 он гэхэд дулааны шинэ эх үүсвэр барихгүй бол асуудал хүндэрнэ гэлээ?
-ТЭЦ-V шинэ эх үүсвэртэй холбоотой асуудлыг бодлого тодорхойлж байгаа байгууллага мэднэ. Шинээр баригдаж байгаа энэ олон барилга байгууламжийг дулаанаар хангахын тулд зайлшгүй дулааны шинэ эх үүсвэр шаардлагатай. Тиймээс ТЭЦ-V барьтал бага чадлын богино хугацаанд ашиглалтад орох дулааны станцыг УС-15 дээр барихаар хэлэлцүүлэг хийгдсэн. Үүнийг 2014 оны намар гэхэд зайлшгүй ажиллагаанд оруулахгүй бол нийслэл хот дулаан хангамжийн хувьд маш хүндрэлтэй байдалд орно.
- Баруун дөрвөн замаас Цахилгаан холбооны байр хүртэл нүхэн хонгил барьсан шиг Улаанбаатар хотын дулааны шугам сүлжээг зохион байгуулах боломж бий юу. Хэрвээ ингэж зохион байгуулбал засвар хийх гэж газар сэндийчих нь багасна биз дээ?
-Энэ ямар ч боломжгүй зүйл. Хэрвээ тэгж зохион байгуулах болбол асар их хөрөнгө мөнгө шаардлагатай. Нөгөөтэйгүүр хэрвээ ингэж зохион байгуулах байсан бол хаагуур нь хонгил, суваг явуулахаа анх хот төлөвлөхдөө тусгаж өгөх ёстой байсан. Гэтэл өнөөдөр дээгүүр нь явган хүний болон автозам, газар доогуур дулаан, цахилгаан гээд өчнөөн кабелийн утас аалзны тор шиг сүлжилдсэн үед боломжгүй. Яахав зарим нэг газраар төлөвлөлт хийх боломжтой байхыг үгүйсгэхгүй.
-Дэнжийн мянгад дулаан дамжуулах төв барихаар төлөвлөгдсөн. Гэтэл энэ ажил тийм ч урагштай биш байгаа?
-Дэнжийн мянгад дулаан дамжуулах төв байгуулах захиалгыг хотын захиргаа өгсөн. Зарим нэг асуудлаас болж төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад ороогүй.
-Ерөнхий боловсролын сурагчдын ээлжийн амралтын хугацааг сунгасныг дулааны хангамж хүрэлцэхгүй гэсэнтэй холбох хардлага байгаа?
-Сурагчдын амралтыг сунгасан нь дулааны хангамжид ямар ч хамаагүй. Сурагчид амарсан ч сургуулийн халаалтыг нормын дагуу өгнө. Гэхдээ тухайн сургууль өөрийн дулааныг хязгаарлаж, багасгах боломжтой. Энэ нь бидэнд хамаагүй асуудал.
Г.Нацаг-Эрдэнэ
Эх сурвалж: “Үндэсний шуудан”
СЭТГЭГДЭЛ БИЧИХ