
МҮОХ-ны Олимпийн чуулган өнөөдөр болно. Дөрвөн жилд нэг удаа хуралдаж, удирдах ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч болоод гүйцэтгэх зөвлөлийн гишүүд, хяналтын зөвлөлийг сонгодог.Тус чуулганд МҮОХ-ны гишүүн спортын холбоод, аймаг, дүүргийн олимпийн зөвлөл, олимпийн медальтнуудын төлөөлөл оролцдог тогтсон дэг жаягтай. Олимпизмийн үзэл санаа, суртлыг түгээн дэлгэрүүлэх олимпийн дээд байгууллага болох МҮОХ -г ирэх дөрвөн жилд удирдахаар өрсөлдөж буй эрхмүүдийн тэмцэл мөн ч ширүүхэн өрнөж байна.
МҮОХ-ны ерөнхийлөгчийн төлөө одоогийн тэргүүн Д.Загдсүрэн, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, МОСХ-ны ерөнхийлөгч, Голомтын хэмээн овоглуулах болсон Д.Баясгалан, Монгол Улсын ерөнхий прокурор, МЖБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Дорлигжав нар нэр дэвшсэн байгаа.
Сүүлийн өдрүүдэд Д.Загдсүрэн шиг муу хүн байхгүй болж хувирав. Мөнгө идэж уудаг л гэнэ, тамирчдаа хавчдаг л гэнэ, бизнес хийдэг л гэнэ, Олон улсын олимпийн хорооноос өгсөн мөнгөөр тансагладаг л гэнэ. Энэ нь бодиттой юу эсвэл өрсөлдөгчдийнх нь захиалгатай хар пиар уу гэдгийг ялгахад бэрх болов.
Ямартай ч Эрдэнэт үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн асан Ш.Отгонбилэг онгоцны ослоор амь үрэгдэхэд оронд нь дэд ерөнхийлөгч байсан Д.Загдсүрэн МҮОХ-ны Ерөнхийлөгч болсон түүхтэй.Түүнээс хойш тасралтгүй 10 жил МҮОХ-г удирдаж ирсэн. Тэгэхээр салхи оруулж шинэ хүнийг томилох сонирхол тамирчдад ч, салбар хороодынхонд ч байгаа биз ээ.
“Голомт”-ын Д.Баясгалан Олимпийн хороог удирдахаар өрсөлдөж байгаа гурван хүний нэг нь. Тэрээр нэлээд хүчтэй лобби явуулж байгаа гэх. “Бодь” группыг Улсын их хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд, УИХ-ын гишүүн Мөнхчулууны Зоригт болон Голомтын Баясгалан нар нийлж байгуулан, өнөөдөр үндэсний томоохон групп болгосон гэдгийг найман настай балчираас наян настай буурай хүртэл андахгүй.
Орчин үеийн парк байгуулна гэж рекламдаад паркийн газрын гуравны нэгийг ашиглаж, хямд үнэтэй, тоглоом суулгачихаад, Монголын хүүхдүүдийг өндөр үнээр тоглуулж ашиг олж байгаа энэ эрхэм ашигтай гэсэн бүхэн рүү зүтгэдэг учир МҮОХ-г ч ониллоо хэмээн шүүмжлэгчид бий.
Д.Баясгалан уржигдар хэвлэлд дэлгэрэнгүй ярилцлага өгчээ. Тэрээр "ОУОХ, Азийн олимпийн зөвлөлөөс манай МҮОХ-нд санхүүгийн зардал өгдөг л дөө. Үүнийг нь гишүүддээ тайлан гаргаад танилцуулаад явдаг. Гэхдээ авах санхүүжилтээ нэмэгдүүлж, аль болох спортын байгууллагууддаа ихийг өгч дэмжээд явах хэрэгтэй. МҮОХ-ын зарим зүтгэлтнүүд хэлдэг юм. “Бид засгаас юу ч авдаггүй юм чинь бид тайлагнаж танилцуулах албагүй. Манайх бие даасан байгууллага гэдэг.” Үүгээрээ ам хаах гээд байдаг. Гэтэл олимпийн наадамд оролцож байгаа бүх тамирчин, шигшээ багийн зардлыг засаг гаргадаг. Дэлхийн улс орнуудад төр засаг нь, үндэсний олимпийн байгууллага нь хоорондоо нягт хамтран ажилладаг. Харин манайд бол хамтын ажиллагааг дарамт шахалт гэж үзэх гээд байдаг тал бий. Ер нь улстөрчид, хууль хяналтынхныг янз бүрийн байдлаар олимпизмийг улс төрийн сонирхолдоо ашиглахыг хорьдог. Харин төр засагтай хамтран ажиллахыг дэмждэг. Үүний ялгааг нь салгаж, ялгаж ойлгомоор байгаа юм. Аливаа нэгэн улсад олимпийн наадам боллоо гэхэд тэр улсын төрөөс л мөнгө, хөрөнгийг нь гаргадаг" хэмээжээ.
Олимпийн хороог удирдахаар өрсөлдөж байгаа гуравдах эрхэм нь Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав. Түүнийг нэр дэвшсэнд олон хүмүүс гайхаж буй. Учир нь МҮОХ-ны дүрэмд тус байгууллагын ерөнхийлөгч нь орон тооны байна гэж заасан байдаг. Тэгэхээр Монгол Улсын Ерөнхий прокурорын ажлаа хийх үү, Олимпийн хорооны даргынхаа албыг хаших нь уу гэдэг ойлгомжгүй. Гэхдээ Д.Дорлигжавыг МҮОХ-г удирдуулах боломжийг эрэлхийлж, энэ удаагийн Олимпийн чуулганаар МҮОХ-ны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулахаар яригдаж байгаа юм билээ.
Түүний нэрийг дэвшүүлэгчид "МҮОХ-ны ерөнхийлөгч нь орон тооны бус байж болно" гэсэн заалтыг нэмэлт өөрчлөлтөөр шургуулахаар лобби хийж эхэлсэн байна. Хэрэв энэ нь дэмжигдвэл Д.Дорлигжавт саад үгүй болж, хүссэн суудалдаа заларна. Гэхдээ өнөөдрийн олимпийн чуулганаар ямар шийдвэр гарахыг харж л байя.
Д.Тэнгис
www.times.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ