Адам Лэнзаг сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтүүлэх гэснээс яргалал үйлдсэн байж магадгүй
Америкийн Ньютаун хотын бага сургуульд олон хүний амь насыг бүрэлгэсэн Адам Лэнзагийн ээж түүнийг сэтгэл мэдрэлийн эмнэлэгт албадан эмчилгээнд явуулах бодолтой байсан нь гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн байж болох юм. Энэ хэргийг мөрдөн шалгаж буй хууль сахиулах байгууллагын ажилтнуудын хэлснийг иш татан Америкийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мягмар гаригт ингэж мэдээлжээ. Гэмт этгээд эхийгээ гэрт нь буудаж алаад, сургуульд очиж, аймшигт хэргээ үйлдсэн байна. Тэгээд цагдаа нар ирж яваа чимээ сонсоод, амиа хорложээ. Лэнзагийн гэр бүлийнхнийг таньдаг эндхийн нэг сүмийн пасторын хүү Жошуа Флэшмений ярьснаар, эх нь Адамыг албадан эмчилгээнд явуулахад шаардагдах баримт бичиг бүрдүүлж эхэлснийг тэр мэдсэн байж болох ажээ. “Эндээс харахад, энэ нь Адамын сэтгэлийг маш их хямрааж, уурыг нь хүргэсэн бололтой. Ээж нь түүнийг ерөөс өөрөөсөө холдуулахыг хүсч байна гэж тэр бодсон байх. Энэ нь түүнийг “тэвчээр алдахад” хүргэсэн шалтгаан болсон байж магадгүй” гэж Флэшмен телевизийн “Фокс ньюс” сувагт өгсөн ярилцлагадаа хэлжээ. Нэнси Лэнза хүүгээ сэтгэцийн эмчилгээнд явуулах бодолтой байсныг гэмт хэрэг үйлдэх шалтаг болсон байж болзошгүй гэдгийг хууль сахиулах байгууллагын төлөөлөгчид нотолсон байна. Хэвлэлийн мэдээнээс үзвэл, хүүхэд байхдаа Адам эмгэнэлт явдал болсон “Сэнди хук” сургуульд сурч байжээ. Түүний ээж тэнд нэлээд хэдэн жил сайн дураар ажиллаж, түүний хүүгийн буудан алсан олон хүүхэдтэй хичээллэж байсан байна. “Ээж нь энэ хүүхдүүдэд өөрөөс нь илүү сайн юм, тиймээс түүнийг сэтгэцийн эмнэлэгт явуулахыг бодож байна гэж Адам санасан байж болох” гэж Флэшмен дурджээ. Түүний хэлснээр, Нэнси Лэнза “Сэнди хук” сургуулийн захирал болон сэтгэл судлаачтай найзалж байжээ. Энэ хоёр эмэгтэй гэмт этгээдийн гарт хамгийн түрүүнд шахуу өртсөн байна. Адам Лэнза сэтгэцийн өвчний нэг хэлбэр болох Аспергерийн хамшинж өвчтэй байжээ. Таньдаг хүмүүс нь түүнийг ухаантай ч, маш ичимтхий, зожиг залуу гэж хэлж байна. Лэнзагийн гэрт байнга ирж ажилладаг байсан сантехникч Питер Власюкийн ярьснаар, Адам янз бүрийн төрлийн зэвсэг, байлдааны техникийн зураг өлгөсөн цонхгүй зоорийн давхарт байнга шахуу байж, компьютер дээр буудлага, тулаантай тоглоом олон цагаар тоглодог байжээ. Үүнээс гадна, Лэнзагийн ээж нь буу цуглуулах дуртай нэгэн байсан бөгөөд хүүгээ буудлагын газарт байнга дагуулж очдог байсан байна. Танилуудынх нь хэлснээр, түүний гэрт олон төрлийн бууны цуглуулга байдаг байжээ. Одоо цагдаа нар олон гэрчийн этгээд, түүний дотор хүүхдүүдийг байцааж, гэрчлэх баримтуудыг судалж байна. Тухайлбал, мөрдөн байцаагч нар Лэнзагийн компьютерт байгаа зүйлийг шалгаж байгаа ажээ. Гэвч залуу гэмт хэрэг үйлдэхээсээ өмнө хатуу дискийг эвдсэн нь мэдээлэл эрэх ажлыг хүндрүүлж байгаа гэнэ. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг мөрдөн шалгах ажил нэлээд хэдэн долоо хоног юм уу бүр олон сар үргэлжлэх төлөвтэй байна. С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ