
Монголын олимпийн чуулган өчигдөр Улаанбаатар хотноо хуралдаж 2012-2016 онд Монголын үндэсний олимпийн хороог удирдах бүрэлдэхүүнийг сонголоо. Чуулганы эхэнд өнгөрсөн дөрвөн жилд тус байгууллагаас хийж гүйцэтгэсэн ажлын тайлан болон МҮОХ-ны хянан шалгах зөвлөлийн тайланг төлөөлөгчид сонсож үйл ажиллагаагаа амжилттай явуулжээ хэмээн дүгнэсэн байна. Энэ тухайд хурлын тогтоол шийдвэрт тэмдэглэн оруулжээ. Мөн МҮОХ-ны дүрмийг боловсронгуй болгох, спортын холбоодын үлгэрчилсэн дүрмийг боловсруулахаар ажлын хэсэг байгуулан ажиллах зөвлөмжийг шинээр сонгогдсон МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлд мөн даалгалаа.
Чуулганы үйл ажиллагаанд Соёл, спорт , аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл урилгаар оролцож Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн үг хэлэв.
Чуулганы хамгийн анхаарал татаж байсан үйл явдал нь Ерөнхийлөгчийн сонгууль. Зарим нэр дэвшигчдийн зүгээс нэгнээ илт дайрч доромжилсон, харлуулсан үйл явдал сүүлийн хэд хоногт гаарч, олон нийтэд сөрөг мэдээллийг хүчээр хүргээд байсан юм. МҮОХ-ны ерөнхийлөгчийн албыг орон тооны хүн хаших дүрмийн заалтын дагуу төрийн ажлаа орхихгүйгээр шийдсэн Монгол Улсын ерөнхий прокурор, Жүдо бөхийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Дорлигжав нэрээ татаж, гол тулаанд хоёр нэр дэвшигч тунарлаа. Улмаар чуулганы 108 төлөөлөгч санал хураалтад оролцсоноос 80-ынх нь дэмжлэг хүлээсэн Хүндийг өргөлтийн холбооны ерөнхийлөгч, анагаах ухааны доктор Д.Загдсүрэн МҮОХ-г удирдахаар дөрөвдэх удаагаа сонгогдов. Түүний өрсөлдөгч, сүүлийн найман жилд МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажилласан Оюутны спортын холбооны ерөнхийлөгч Д.Баясгалан 28 санал авчээ.
МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Д.Дорлигжав, дэд ерөнхийлөгчдөөр Э.Мөнх-Очир (Буудлага спортын холбооны ерөнхийлөгч), Ж.Хатанбаатар (Спорт эмнэлгийн холбооны ерөнхийлөгч), Москвагийн олимпийн мөнгөн медальт Ц.Дамдин (Кураш бөхийн холбооны ерөнхийлөгч), Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ (Спортын менежментийн холбооны ерөнхийлөгч), УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн (Тэшүүрийн холбооны ерөнхийлөгч), Улаанбаатар төмөр замын орлогч дарга Л.Халтар (Гимнастикийн холбооны ерөнхийлөгч), Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Зоригтбаатар, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар (Даамын холбооны ерөнхийлөгч) нарыг сонгож баталлаа.
М.Бүүвэй, фотог Ч.Ганбат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ