Д.Арвин: МАН-ын удирдлагууд намайг шахаж эхэлсэн
УИХ-ын гишүүн Д.Арвин өнөөдөр 10.00 цагаас АН-ын дарга Д.Алтанхуягаас тус намд элссэн батлахаа гардан авлаа. Тэрбээр намын харьяалалаа солих болсон тухайгаа сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.
-МАН-ын харьяалалаа сольж АН-д элсэх болсон үндэслэлээ тайлбарлана уу?
-Монгол Улсад өөрчлөн байгуулалт хийх ёстой гэдэгт хатуу үзэл бодолтой байсан би. Өөрчлөлт явагдаж байгаа боловч иргэдийн амьдралд чанартай өөрчлөлт гараагүй. Иргэд маш хүнд нөхцөлд бараг хүй нэгдлийн үед амьдарч байна гэдгийг ойлгосон. Сэтгэл өвддөг. Надад хүнд амьдарч байгаа иргэд хэрэгтэй. Чинээлэг амьдарч байгаа. Амьдралаа авч явж чадаж байгаа иргэдийг дэмжсэн бодлогоор ажиллаж болохгүй.
Ажлын байргүй, цахилгаангүй, усгүй, сургууль цэцэрлэггүй амьдарч буй иргэд нийслэлийн захын хорооллоор дүүрэн байна. Өнөөдрийн байдлаар 190 мянган хүн маш хүнд нөхцөлд амьдардаг. Эдгээр хүмүүст зориулсан бодлогыг би УИХ-ын гишүүн байхдаа олон удаа тавьж байсан. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хуульд эмзэг бүлгийн иргэд рүү чиглэсэн хууль гаргая гэсэн саналыг гаргаж байсан боловч хэрэгжүүлээгүй. Хуулиа батлах болохоор өөрчилдөг. Ниймгийн хамгаалал хөдөлмөрийн яам гэхээсээ илүү Хөдөлмөрийн яам байгуулах асуудлыг тухайн үеийн Ерөнхий сайд болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад удаа дараа тавьж байлаа. Агаарын бохирдол, хөрсний бохирдолтой холбоотой асууддлаар ч Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга байхдаа УИХ-ын хэмжээнд асуудлыг тавьж байсан боловч манай нам бодлогоор хэрэгжүүлэхгүй байсанд сэтгэл өвдсөн. Би Монгол Улсын хамгийн том тойргоос орж ирж байгаадаа баярлаж маш эрч хүчтэй ажиллаж ирсэн. Хууль батлах том орчинд орж ирээд би ядуу иргэдийн төлөө ажиллахгүй бол хэн ажиллах вэ гэсэн сэтгэл надад төрсөн. Тийм учраас би ядарсан иргэдийн төлөө бодлого гаргаж ажиллая. Энэ бодлогыг дэмжиж ажиллаач гэсэн хүсэлтийг УИХ-ын дарга З.Энхболдод тавьсан. Танилцуулсан. Миний боловсруулсан хөтөлбөр АН-ын бодлоготой тохирч байгаа учраас хамтарч ажиллахаар болж байна. Түүнээс биш би урваагүй. Үзэл бодлоосоо урваагүй. АН-д элсч, төрд ажиллаж хийх ёстой төлөвлөсөн зүйлээ хийе гэсэн сэтгэл өвөрлөж ирлээ. Хийе, бүтээе гэсэн сэтгэлээр дээрх шийдвэрийг гаргалаа. АН, МАН хоёулаа нэг нь зүүний нөгөө нь барууны нам. Гэвч эл хоёр нам өнгөрсөн дөрвөн жилд хамтарч ажиллахдаа үзэл баримтлалын зөрчил гаргаагүй. Ийм учраас Монгол Улсад хэт барууны эсхүл зүүний үзэл баримтлал хэрэггүй юм байна гэдгийг амьдрал харуулсан учраас би энэ сонголтоо хийлээ. МАН-ын намайг дэмжсэн жирийн гишүүдэд баярлалаа гэж хэлье. Би та бүхний төлөө ажиллана. Надад намын ивээлд багтаж, нам дотор муур хулгана болохыг хүссэнгүй. Би намынхаа шинэчлэлийн төлөө элсний 13 хүртэл болж зүтгэж, хичээж ажиллаж ирсэн боловч үр дүн гарсангүй. Тэгэхээр цаашид намын шинэчлэл дотоод ардчиллын төлөө явахаасаа илүү ядарч, зовж байгаа иргэдийн төлөө ажиллах хүсэлдээ хөтлөгдөн энэ сонголтыг хийлээ. Энэ бол урвалт биш. Сонголт. Би зогсонги амьдрахыг хүсээгүй. Өнгөрсөн арван хоёр жил би ярьдаг байсан болохоос санасан зүйлээ хийж бүтээж чадаагүй. Үүнд гомдож явсан. Гурван удаа парламентад сонгогдчихоод хийх гэсэн зүйлээ бодлого болгож чадаагүйдээ өнөөдрийг хүртэл харуусдаг. Намайг сонгосон ард түмнээсээ дотроо уучлалт гуйдаг байлаа. Баянзүрх дүүргийн төлөө шөнө өдөргүй ажиллаж хөгжүүлж чадсан. Гэхдээ УИХ-ын гишүүн байх нь нийт монголчуудын нийтлэг эрх ашгийн төлөө ажиллах учиртай. Ингээд нийтлэг эрх ашгийн төлөө дорвитой төрийн бодлогод суулгаж чадаагүйдээ харуусч АН-аас миний бодлогыг дэмжих үү гэдэг үүднээс би сонголтоо хийсэн. Хэвлэл мэдээллийнхэн олон нийтэд зөв ойлгуулаарай.
Зөвхөн газрын асуудлыг л аваад үз. Газрын хуулийг өндөр хэмжээнд баталсан боловч албан тушаалтнууд иргэддээ газар өгөөгүй. Мөнгөтэй, эрх мэдэлтэй компаниуд газрыг өмчилж авснаар иргэд газаргүй хоцорсон. Жирийн иргэнд газар олдохгүй байгаа зэргээс олон зүйлийг харж болно.
Би Монгол Улсын хамгийн том тойрогт нэр дэвшиж орж ирсэндээ баяртай байна. Төрийн анхан шатны нэгж ард түмнээ зовоодог юм байна гэдгийг мэдсэн учраас ийм сонголт хийлээ. Урвалт биш сонголт гэдгийг иргэдэд зөв ойлгуулж өгөөрэй.
МАН-ын удирдлагууддаа мэдэгдсэн үү намаас гарах тухайгаа?
-Би МАН-ынхаа удирдлагуудад мэдэгдээгүй. Хууль ёсны дагуу хоёр хоногийн өмнө намынхаа үүрт дуулгасан. Намын дүрмээр бол намаас гарах асуудлыг тухайн гишүүн харьяа намын үүртээ өргөдлөө гаргаж шийдвэрлүүлдэг.
-Баянзүрх дүүргийн сонгогчддоо хандаж юу хэлэх вэ?
-МАН-аас нэр дэвшсэн нь үнэн. Намын хүчээр гарч байна гэж ярьж болохгүй. Иргэд саналаа өгдөг. Хэрэв МАН-ын нэрээр гардаг бол өнөөдөр нийслэлийг сонгосон 20 гаруй гишүүн гарах байсан. Хэрэв МАН-ын нэрээ сонгодог байсан бол 76 гишүүн гарах байсан шүү дээ. Тийм учраас Д.Арвин гэдэг хувь хүний туршлага, миний явсан замнал намайг Баянзүрх, Налайх дүүрэгт сонгогдоход нөлөө үзүүлсэн гэж бодож байгаа. Нөгөөтэйгүүр нийт Баянзүрх дүүргийн иргэд намайг сайхан хүлээж авч дэмжсэн. МАН-ын гишүүдийн тал хувь нь намайг дэмжиж ажилласан. Түүнчлэн АН-МАХН, Иргэний зориг-Ногоон нам, бие даагчид бүх улс төрийн хүчин дэмжиж ажилласан. Тиймээс энэ удаагийн Баянзүрх, Налайх дүүргийн сонголт бол зөвхөн нэг намын сонголт биш. Өнөөдөр Монголд байгаа улс төрийн хүчнүүд нэгэн сэтгэлээр эмэгтэй хүний минь хувьд мөн өөрчлөлт шинэчлэлт хийгээч гэж сонгосон байх.
-МАН ямар ч хөгжил шинэчлэлгүй болсон учраас энэ сонголтыг хийж байна гэж ойлгож болох уу?
-Үгүй ээ. Бид ажиллаж амьдарч байна. Гэсэн ч иргэдийн амьдралд чанарын өөрчлөлт гарахгүй байгаа. Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдол 20 жил хэвээрээ л байж байна. Хөрсний бохирдол гэхэд таван жилийн дараа нийслэлийн хөрсөн дээр амьдрахад бэрх болохоор боллоо. Үүнийг бид шийдвэрлэх, ядуурлыг бууруулах, шилжин ирж байгаа иргэдэд амьдрах нөхцөлийг нь бүрдүүлэхэд зориулсан төрийн бодлого гаргаж өгөхгүй байгаагаас иргэд “хүй нэгдэл”-ийн нийгмээс доогуур амьдарч байна. Нийслэлд иргэд гэрэлгүй, худаггүй орчинд амьдарч байна. Би энэ бүхнийг өөрчлөхийн төлөө өнгөрсөн 12 жил маш олон бодлого гаргаж ажилласан. Энэ дээр бид хамтарч ажиллаж чадаагүй, миний хийх гээд байгаа ажил, бодлогыг АН хийж, дэмжиж, хамтарч ажиллая гэсэн учраас би ийм сонголт хийлээ.
-Таныг АН-ын дэмжлэгийг авч сонгуульд ялсан гэсэн мэдээлэл гарсан. Энэ үнэн үү?
-Би УИХ-ын дарга З.Энхболдод хүсэлт тавьсан. Би хүнд нөхцөлд сонгуульд орох нь байна. Нэг намын хоёр хүн өрсөлдөж байна. Манай дүүргийн намын хорооны тэргүүлэгчид зөвхөн дүүргийнхээ даргыг дэмжинэ гэсэн шийдвэр гаргалаа. Иймээс намын анхан шатын гишүүд бүгд намайг дэмжих боломжгүй боллоо. Иймээс та бүхэн намайг эмэгтэй хүний хувьд дэмжиж ажиллаач гэсэн . Энэ парламентад цуг сууж байсан хүмүүс, эмэгтэй хүний хувьд шударга зөв явдгийн чинь хувьд өөрийнхөө гишүүдээр дамжуулан дэмжинэ гэдгээ хэлсэн. Иймээс ийм хүнд үед, ийм том тойрогт АН, АН-ын жирийн гишүүд дэмжсэн. МАХН-ын гишүүд, С.Ганбаатар нарын бие даагчид, ИЗНН-ын С.Оюун даргыг дэмжигчид нь надад дэмжлэг үзүүлсэн. Иймээс л би энэ сонголт хийх нь зүйтэй гэж ялалтынхаа өдөр өөрийнхөө сэтгэл зүтгэлээр шийдсэн.
-Танд АН сайдын суудал амласан учир элсэж байгаа гэсэн яриа гараад байна. Үнэн үү? МАХН хэзээ нэгэн цагт Засгийн газраас гарахад танд сайдын суудал өгнө гэвэл хүлээж авах уу? .
-Би энэ хамтарсан Засгийн газрыг битгий унаасай гэж бодож байгаа. Энэ хамтарсан Засгийн газар маш зөв сонголттой. МАХН, Ардын нам, Ардчилсан нам бие даагч нар бол үүнийг цааш нь аваад яваасай гэсэн хатуу бодолтой байгаа. Би ч Ардчилсан нам нэгэнт л гаргасан шийдвэрээ дагаж ажиллаасай гээд МАХН-ыг Засгийн газраас гаргахгүйн төлөө ажиллана. Би өнөөдөр Д.Арвин гэдэг хүн 2000 оноос хойш гурван удаа сонгогдохдоо би албан тушаалын төлөө нэг ширхэг ч удаа гүйж яваагүй. Т.Ганди хоёр удаа сайд болж байсан, Д.Туяа нэг сонгогдоод сайд болж байсан. Д.Арвин гэдэг хүн чадахгүйдээ сайд болоогүй юм аа гэдэгтээ биш яг үнэндээ би энэ сайдыг хүсээгүйдээ УИХ-ын гишүүн байна гэдгээрээ энэ олон жилийг улстөрд өнгөрүүлсэн. Би цаашдаа сайд болохгүй ээ, би хэлсэн шүү дээ, сайдын дайтай ажиллана. Сайдын дайтай ажиллахыг Ардчилсан нам маань дэмжиж ажиллана гэсэн. Миний хувьд зовж амьдарч байгаа чанаргүй амьдарч байгаа иргэддээ туслах ажил сайдаас илүү том албан тушаалаа. Улстөрчид өөрсөд шигээ хүнийг санадаг байхгүй юу, би тийм үр удмын хүн биш ээ. Би албан тушаалын төлөө гүйдэг хүн биш, бидний дунд улстөрийн хагалгаа хийж улстөрийн явуургүй үйл ажиллагаа явуулж байгаа. Би энэ засаг төрд ямар ч үед сайд болохгүй гэдгээ хэвлэлийн өмнө андгайлъя, хийх ажлаа хийнэ.
-Таныг УИХ-ын гишүүнээс татах тухай асуудал хөндөгдөж болзошгүй байна?
-Ер нь УИХ-ын гишүүн гишүүн байхдаа намаа сольдог ш дээ. Ц.Шинэбаяр гишүүн өөр намд орж байсан, Ч.Улаан, Д.Тэрбишдагва, О.Чулуунбат нар МАХН-д элсэж байсан, УИХ-ын хуулиараа бол хүн нас барахад, тийм тохиолдолд татагдахаас биш нам сольсноор татдаг хууль эрх зүйн зохицуулалт байхгүй.
-Дарамт шахалт байсан учраас намаасаа гарлаа гэсэн. Яг ямар дарамтыг танай намаас үзүүлж байсан юм бэ?
-2008 оны сонгуульд ч тэр элсний 13 гээд тэмцэж байсан, намаа шинэчлэхийн төлөө. Дараа нь элсний 13 болж намаа шинэчилсний төлөө эргэж 2008, 2012 оны сонгуульд манай намын удирдлагад байдаг хүмүүс намайг унагах, ялуулахгүй байх арга хэмжээнүүдийг олон удаа авч байсан. Саяны сонгуульд ч гэсэн нэг намын хоёр хүн нэр дэвшиж байхад бусдыг нь дэмжээд намайг дэмжээгүй. Нэг ч УИХ-ын гишүүн “Арвин минь чи ийм хүнд нөхцөлд яаж ажиллаж амьдарч байна гэж” утасдаагүй. Тэгэхэд Н.Батбаяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Ж.Батзандан, Д.Ганхуяг нар “Зоригтой ажиллаарай л гэж байсан”.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ