ТIME Оны онцлох хүнээр Барак Обамаг нэрлэжээ

Time сэтгүүлээс жил бүр оны онцлох хүнийг шалгаруулдаг уламжлалтай. Энэ жилийн оны онцлох хүнийг нэрлэх санал асуулгад хамгийн өндөр рейтинг авч олны анхаарлыг татсан ажил хэрэг өрнүүлсэн 40 хүн нэр дэвшсэнээс АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама шалгарчээ. Өнөөдрийн TIME сэтгүүлийн нүүрийг АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн бага зэрэг бууралтсан үстэй, бодлогширсон царай бүхий хөрөг зураг чимжээ.
2008 онд түүний инээж буй хөрөг энэхүү сэтгүүлийн нүүрэнд гарч, түүнийг оны хүн хэмээн нэрлэж байсан юм. Тэр үед түүнийг АНУ-ын түүхэн дэх хамгийн анхны хар арьст ерөнхийлөгч, басхүү улс эх орондоо эрс шинэчлэлийг хийж ардчиллын шинэхэн дуу хоолой хэмээн нэрлэж байсан. Харин энэ удаад түүнийг дахин сонгогдож чадсан, өнгөрсөн дөрвөн жилд бүтээсэн ажил нь барьцтай, нүдэнд харагдаж гарт баригдахуйц зүйл хийсэн хэмээн олон нийт ам сайтай байгаа юм. Тиймдээ ч түүнийг энэ оны онцлох эрхмээр нэрлэжээ. Тэрбээр улс орныхоо өөрчлөлтийг ашиглан сонгогчдын дэмжлэгийг авч чадсан гэж сэтгүүлийн редакци үнэлсэн юм. Улс орныхоо төлөө хийсэн Обамагийн хүчин чармайлтыг тус сэтгүүл онцлоод, түүнийг “Америкийн архитектор” хэмээн нэрлэсэн байна.
Энэ оны хүний төлөө Египетийн лидер Мохаммед Мурси, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон ба түүний нөхөр бөгөөд ерөнхийлөгч асан Билл Клинтон, Yahoo!-гийн ерөнхий захирал Марисса Майер, Apple-ийн тэргүүн Тимоти Кук, Пакистаны блогчин охин, талибын халдлагын дараа алдартай болсон Малала Юсуфзай нар өрсөлдсөн юм.
Мэдээж хэрэг түүний оны хүнээр шалгарахад хамгийн их түлхэц болсон зүйл бол энэ оны ерөнхийлөгчийн сонгууль байв. АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч мөн анхны хар арьст ерөнхийлөгчийн хүч нөлөө, хэрэгжүүлж буй бодлогийн цар хүрээ ард түмэндээ үнэлэгдээд зогсохгүй дэлхий нийт хүлээн зөвшөөрөөд байгаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөр нь олны талархлыг хүлээхүйц хэмжээнд хүрсэн байсан нь түүний нэр хүндийг өргөж чадсан юм. Улсынхаа эрүүл мэндийн даатгалын асуудлыг хөнгөвчилж, америк мөрөөдөл тээсэн сая сая цагаачдад элэгтэй хандсан, эдийн засгийг оновчтой бодлого хэрэгжүүлж эхэлсэн нь мэдээж хэрэг онцлох шийдвэрүүд байсан юм. Түүнчлэн цөмийн зэвсгийг хорогдуулах, сөргөлдөөнийг энхийн аргаар зохицуулах талаар гаргасан хүчин чармайлт гаргасныхаа төлөө 2009 онд Энхтайвны салбар дахь Нобелийн шагналаар шагнуулж байсан нь энэ бүхний баталгаа байлаа. Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч нараас Нобелийн шагнал авсан дөрөв дэх хүн юм.
Тэрбээр энэ гайхалтай мэдээг хүлээн авахдаа өмнөхөөсөө өөр байдалтай хүлээн авсан аж. Ерөнхийлөгч Обама “Хоёр дахь удаагаа энэ мэдээг дуулахад сайхан байна. Энэ мэдээ надад өмнөхөөсөө хамаагүй илүү учир утгатай, нэр хүндтэй сонсогдож байна. Учир нь одоо хүмүүс намайг мэддэг болсон хойноо дүгнэж байна шүү дээ. Би энэ бүх сайхан үнэлгээ, итгэлийг даахыг хүсч байна. Миний гаргаж буй амжилт, оновчтой шийдвэрүүдийг гаргахад үргэлж хамт байгаа багийнхандаа баярласнаа илэрхийлэх нь зүй ёсны хэрэг” хэмээн анхны сэтгэгдлээ хэлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ