
Эрүүл мэндийн сайд Н.Удвал БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Мустафа Сарнычыг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзав. Энэ үеэр хоёр улсын Эрүүл мэндийн яамд хоорондын 2011-2013 онд хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурсан нь хамтран ажиллах чиглэлүүдийг тодорхойлсон чухал ач холбогдолтой үйл явдал болсныг харилцан илэрхийлсэн юм. Тухайлбал, эх, нярайн тусламж үйлчилгээний чиглэлээр Монголын эх барих, эмэгтэйчүүдийн эмч, эх баригч нар Турк улсад сургалтад хамрагдсан явдал нь эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулахад тодорхой хувь нэмэр оруулсан талаар дурдав. Түүнчлэн Цус сэлбэлт судлалын үндэсний төвийг өргөжүүлэх төслийн хүрээнд тус төвд нийт 545,500 ам.долларын өртөг бүхий орчин үеийн Олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмжийг нийлүүлсэн нь Монгол улсын эрүүл мэндийн салбарын амин чухал хэсэгт оруулсан томоохон хөрөнгө оруулалт болсныг тэмдэглэв. Элчин сайд Сарныч Турк улсын эрүүл мэндийн салбарт өөрчлөлт шинэчлэлт амжилттай явагдаж байгаа талаар товч мэдээлэхийн зэрэгцээ Монгол улсад ажиллах хугацаандаа томоохон дорвитой ажил хийх хүсэлтэй байна. Ялангуяа Турк улсын хөрөнгө оруулалттай эмнэлэг байгуулж хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв. Уулзалтын явцад талууд хамтын ажиллагааны дээрх саналууд болон сонирхсон бусад асуудлуудаар дэлгэрэнгүй ярилцан, харилцан санал солилцож, хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг бодит үр дүнтэй, ажил хэрэгч болгон, улам бэхжүүлэн хөгжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ