Н.Энхбаярыг хорих анги руу ачих гэж байна

МАХН-ын дарга Н.Энхбаяр нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байхдаа албан тушаалын байдлыг урвуулан ашиглаж, эрх бүхий албан тушаалтан нартай бүлэглэн Өргөө” зочид буудал болон “Улаанбаатар таймс” сонин НӨҮГ-уудыг хууль бусаар хувьчилж, өөрийн үүсгэн байгуулсан “Эскон” ХХК-ийн охин компани болгон завшиж, онц их хэмжээний хохирол учруулсан нь нотлогдсон байна гэж үзэв. Мөн Д.Дуламсүрэн, Д.Чулуунбаатар нарыг эдгээр хэрэгт хамтран оролцогчоор тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дээд Шүүхээс дүгнэсэн юм.
Харин Н.Энхбаяр нь Япон улсын Буддын шашны Агоншү шашны байгууллагаас ирүүлсэн телевизийн тоног төхөөрөмжийг завшсан болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалын байдлыг урвуулан ашиглаж, Ж.Мягмаржаргалтай хамтран “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д онц их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдлүүдийг шалгасан хэдий ч хангалттай нотлогдож тогтоогдоогүй байна гэж үзэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгов.
Ийнхүү Дээд шүүхээс Н.Энхбаяр, Ж.Мягмаржаргал нарт холбогдох хэргийн зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгосонтой холбогдуулан шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын хэмжээг багасгаж, биечлэн эдлэх ялыг Н.Энхбаярт 2 жил 6 сар, Ж.Мягмаржаргалд 1 жил байхаар тогтоож, харин Д.Чулуунбаатарт оногдуулсан 2 жил 1 сарын ял хорих болон Д.Дуламсүрэнг өршөөн хэлтрүүлснийг тус тус хэвээр үлдээсэн аж.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ