
Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр цаг үеийн зарим асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг Цагдаагийн Ерөнхий газрын Олон нийттэй харилцах төвийн дарга, цагдаагийн хурандаа Т.Сайнжаргал өгсөн юм.
Тэрбээр хэлэхдээ "Монгол Улсын ерөнхийлөгч өчигдөр ЦЕГ-ын удирдлагуудтай уулзаж, 2012 оны 12 сарын 21 буюу өнөөдөртэй холбоотой үүрэг даалгавар өгсөн. Дэлхийн сүйрэл болно гэж ард иргэдийн дунд буруу зөрүү ойлголт их байгаа тул энэ өдрийг далимдуулан хууль бус үйлдэл хийх, хүмүүсийн дунд цуурхал дэгдээн нийгмийг цочроосон элдэв үйлдэл гарч болзошгүй тул Цагдаагийн байгууллага бэлтгэлтэй бай үүрэг өгсөн.
Шинжлэх ухааны байгууллагууд, эрдэмтэд энэ өдөр дэлхийн төгсгөл биш гэж хэвлэл мэдээллээр дамжуулан мэдэгдсээр байхад Цагдаагийн 102 дугаарын утсанд жирийн өдрүүдээс их дуудлага ирсээр байна. Мөн эрүүлжүүлэх газруудад өдөрт 130-140 гаруй хүн ордог байсан бол өчигдрийн байдлаар 200 гаруй хүн эрүүлжүүлэгдсэн. Дээрх хүмүүс архи хэтрүүлэн хэрэглэж, дэлхийн сүйрэх нь гэж, ганихарсан, гунихарсан үг хэллэгтэй байгаа. Иймд иргэдийн сэтгэл санааны хувьд тогтворгүй байгааг далимдуулан архи, согтууруулах ундаа ихээр худалдаалах, нийгмийн эмх замбараагүй байдал гаргасан, иргэдийг турхирсан мэдээ мэдээлэл тараасан гэм буруутай этгээдэд хариуцлага тооцно. Мөн нийгмийн эмх замбараагүй байдал үүсэхэд нөлөөлсөн, цуурхал дэгдээсэн хүмүүст эрүүгийн хариуцлага тооцох тухай шинэ заалтыг Монгол Улсын Эрүүгийн хуулинд оруулах тухай УИХ-д өргөн барьсан" гэв.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ