
Эрүүл мэндийн яам, ММСС-ийн Эрүүл мэндийн төслийн удирдлагууд хамтран өчигдөр УИХ-ын гишүүн С.Ганбаатар, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн нартай эрүүл мэндийн салбарын талаар илэн далангүй яриа өрнүүлж, ажил хэрэгч байдлаар өглөөний цай уулаа. УИХ-ын гишүүн С.Ганбаатар эрүүл мэндийн салбарын удирдлагууд бол өвчтэй хүмүүсийн эрхийг хамгаалах гэж яваа хүмүүс гэдгийг онцлоод сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн салбар руу нэлээд шуурхайлан орж ажиллаж байгаагаа хэллээ.
Тэрбээр эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа олон эрдэмтэн, мэргэдээс асууж зөвлөн байж УИХ-д өргөн барьж буйгаа илэрхийлэв. УИХ-ын гишүүн С.Ганбаатарт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний талаар санал, гомдол ихээр ирдгийг дурдаад, тус салбарт хэрэгжүүлж болох хэд хэдэн саналаа илэрхийлсэн байна. Тухайлбал, Эрүүл мэндийн даатгалын байгуллагатай болвол өвчтэй хүмүүс эм, эмнэлгийн үйлчилгээгээ авч чадаж байна уу, чадахгүй бол тэрийг нь зааж өгдөг болох, хөдөө орон нутагт явуулж буй үйл ажиллагаандаа иргэн, бизнесменүүдийг идэвхтэй оролцуулах, эрүүл мэндийн салбарт хяналт, хариуцлага, үр дүнгийн механизм заавал байх ёстой, эмнэлгийн тусламж, үйлчилгээнд зориулан гадаадаас орж ирж буй тоног, төхөөрөмжүүдийг нэг л компанитай гэрээ хийж, тус компанийн чанарын стандартыг тогтоон, зөвхөн тэндээсээ авдаг болох.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн манай улсын хувьд эрүүл мэндийн салбар хөгжлөөс хоцрогдсон байгааг хэлээд анагаахын их, дээд сургуулиудын сургалт мөн боловсорч буй оюутан залуусын мэдлэг, чадварт анхаарах хэрэгтэйг онцоллоо. Тэрбээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанаржуулах тал дээр анхаарах нь зөв гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийлэв.ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Хатанбаатар эрхэм гишүүдэд хандан үнэтэй зөвлөгөө өгсөнд талархал илэрхийлээд ЭМЯ-ны шинэчлэлийн бодлогыг дэмжиж ажиллахыг хүслээ.
Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлуудын талаар дурдаад, эмч нарын мэдлэгт ихээхэн анхаарч, эмчлэх лицэнзийн шалгалтыг өөрчлөх, чангатгах хэрэгтэй байгааг хэлснээр уулзалт өндөрлөв
СЭТГЭГДЭЛ БИЧИХ