
Хориннэгдүгээр зууны хүн төрөлхтөн, тэр дундаа монголчууд бид бараг хүй нэгдлийнхээрээ шахуу байгаагаа ойрын хоёрхон хоногт харлаа. Шинжлэх ухааны ертөнцийг үзэх үзэл, атом, молекул, Буддын гүн ухааны хоосон чанарыг ярихаа байя. Наран манддаг, жаргадаг, дэлхий эргэдэг, улирал солигддог, нар, сар хиртдэг, тэр үед хэсэгхэн газар хоёроос гуравхан минут харанхуйлдгийг мэддэггүй юм байна, бидний зарим нэгэн. Интернэтээр дамжаад орчлон ертөнцөөр хөндлөн гулд аялчихдаг мөртлөө түүнийхээ мөн чанарыг ухахгүй явж л дээ. Нарыг гурван хоног хаах зүйл нарт ертөнцөд үгүй гэдгийг мэддэггүй юм байна. Гэхдээ бас зааг бий. Ажиглаад байхад дөчөөс дээш насныхан арай шинжлэх ухаанч нь харагдав. Залуус маань харин мөн ч харанхуй байна даа. Бүр таг харанхуй улс болчихжээ. Интернэт тоглоомоор шөнөжин алалцаж, баар, караокед тасартлаа ууж өдөр, шөнийг өнгөрөөдөг болсон улс арга ч байж уу даа.
Хамгийн харамсмаар юмыг БШУ-ы сайд Лу.Гантөмөр өчигдөр ярив. Түүний яриаг сонсоод бүр алмайрснаа хэлье. Боловсролын салбар ингэтлээ дампуурахдаа яах вэ дээ. Ертөнцийг үзэх үзлийг төлөвшүүлдэг, орчлон хорвоог таньж мэдүүлдэг “Одон орон судлал” гэдэг сайхан хичээл дунд сургуульд ордоггүй болоод 10-аад жилийн нүүр үзэж байгаа ажээ. Бүтэн 10 жилийн турш нэг үеийг тэр чигт нь бөөндөөд харанхуй улс болгочихжээ. Даанч арван жилийн хүүхдүүд ангиараа бөө болсон сураг гараад байсан юм. Үнэн байж. Ингэхээр аргагүй шүү дээ. Сайдын хэлснээр ирэх жилээс хичээлийн хөтөлбөрт эргэж оруулна гэж байна лээ. “Орсон борооны хойноос цув нөмөрнө” гэж үүнийг л хэлдэг юм даа. Гэхдээ хойч үеэ бүхэлд нь харанхуй болгочихсоноос арай дээр байж мэднэ. Дээр ч байх.
“Одон орон судлал”-ын хичээлгүй улс “Орифлэйм”-ийн Г.Оюунгэрэл мэтэд чадуулалгүй яахав. Хэвлэлийн хүрээлэнгээс явуулсан судалгаагаар дунд сургуулийн сурагчид мэдээллийг ямар арга замаар, яаж авдагийг нь тодруулжээ. Ерээд хувь нь телевиз, интернэтээс авдаг хэмээсэн байна. Тэгэхээр бид түүгээр юу өгсөн болж таарах вэ. Алаан хядаан, архи тамхи, садар самуун, солонгос амьдралыг л өгсөн байна. Өнөөгийн залуус маань ингэж хүмүүжсэн нь даанч харамсалтай, бас аймаар байна. Залуус зүг чигээ мэдэхээ байж гэж зарим хүн ярихад арай ч үгүй байлгүй дээ гэж боддог байв. Одоо лав би итгэнэ ээ. Манай эриний өмнөхөн дэлхий үүсэхдээ цөм нь жижигхэн байсан хэмээн ярьсан залуугийн үг уур хүргэдэг ч залууд харин буруу алга санагдана. Тэр одон орон судлалын хичээлд суугаагүй, тийм хичээл түүнд ороогүй юм байна ш дээ. Энэ зууны эхэн үеийн Монголын боловсролын тогтолцоо л буруутай. Өөр хэн ч биш.
Эх сурвалж
www.wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ