Египетийн дэд ерөнхийлөгч огцров
Египетийн дэд ерөнхийлөгч Махмуд Мекки огцрох өргөдлөө өчигдөр албан ёсоор өгөв. Тэр тус орны шинэ үндсэн хуулийн асуудлаархисүүлчийн санал хураалт дуусахаас хэдхэн цагийн өмнө ерөнхийлөгчийн тамгын газарт өгсөн илгээлтдээ ингэж мэдэгдсэн байна.
Түүний дурдсанаар, тэр албан тушаалаасаа огцрох гэж хэд хэдэн удаа оролдож байжээ. “Улс төрийн ажлын шинж чанар шүүгчийн хувиар миний мэргэжлийн бэлтгэлд тохирохгүйг би хэсэг хугацааны өмнө ойлгосон юм” гэж Мекки хэлээд, тухай бүрийд, түүний дотор Газын зурваст Израиль түрэмгийлсэнтэй холбоотой нөхцөл байдал үүссэн арваннэгдүгээр сарын 7-ны өдөр татгалзсан хариу авч байсан юм. Харин өнөөдөр огцрох хүсэлт гаргах хамгийн тохиромжтой өдөр боллоо” гэж тэмдэглэжээ.
Хосни Мубаракийн засаглалын сүүлчийн жилүүдэд шүүхийг бүрэн хараат бус болгохын төлөө тэмцэж байсан египетийн шүүгчдийн “шинэтгэлийн урсгалыг” дэмжигчдийн нэгэнд тооцогддог Мекки энэ оны наймдугаар сарын 12-нд АБНЕУ-ын дэд ерөнхийлөгчөөр томилогдсон юм. Тэр 1952 оны хувьсгалаас хойш энэ албан тушаалд ажилласан анхны иргэн хүн болжээ. Янз бүрийн үед тэр ДХЯ, ерөнхий прокурорын газарт ажиллаж, Египетийн давж заалдах шүүхийг тэргүүлж байсан юм. Түүний дүү Ахмед Мекки одоо Хашим Кандилийн засгийн газарт шүүх яамыг тэргүүлж байгаа ажээ.
Сүүлийн үед төрийн тэргүүний хуучин орлогч улс орны улс төрийн хурц хямралыг эцэс болгох зорилгоор нийгэмд дорвитой жингүй хоёрдугаар зэргийн урсгалуудын хэд хэдэн төлөөлөгчтэй Египетийн ерөнхийлөгч Мухаммед Мурсийн өмнөөс яриа хэлцээ хийж байсан юм. Гол сөрөг хүчин яриа хэлцээнд оролцохоос татгалзаж, лалын удирдлагын бодлогыг эсэргүүцэж, шинэ үндсэн хуулийн асуудлаархи санал хураалтыг хүчингүй болгохыг шаардаж байгаа юм.
Арваннэгдүгээр сарын сүүлчээр ерөнхийлөгчийн гаргаж, улмаар өөртөө өргөн бүрэн эрх олгосон үндсэн хуулийн тунхаглал миний хувьд санамсаргүй зүйл боллоо гэж Махмуд Мекки илгээлтдээ онцлон тэмдэглэжээ. “Би сүүлчийн удаа томилогдсон үеэс хойш үндэсний эвлэрэл тогтоохын төлөө ажиллаж, үндэсний эрх ашигийг хувийн ашигаас дээгүүр тавьж ирсэн юм” гэж тэр дурдаад, Мухаммед Мурсид амжилт хүссэн байна.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ