
Японы сүмогийн холбооноос 2013 оны эхний башёогийн банзүкэг өнөөдөр зарлалаа. Ес болон арваннэгдүгээр сарын тэмцээнийг гэмтлийн улмаас завсарласан Эстонийн ганц сүмоч Барүто албан ёсоор сэкивакэ цолтой боллоо. Харин ирэх тэмцээнд 10 ба түүнээс олон ялалт байгуулвал озэки цолоо эргүүлэн авах боломжтой ажээ.
Чансааг манай их аварга Хакүхо М.Даваажаргал, Харүмафүжи Д.Бямбадорж тэргүүлсэн хэвээр байгаа бол озэки цолоо хадгалж буй Кисэносато, Какүрюү, Котоошюү, Котошёогикү болон сэкивакэ Гоэйдо нар тэдний араас бичигдлээ. Залуухан Шёохозан анх удаа комүсүби зэрэглэлд дэвших болж байна.
Дээд зиндаанд 21 настай Котоюүки анх удаа дэвшин барилдах бол жюүрёогоос Саданофүжи, Точиновака, Такарафүжи, Тамаасүка нар эргэн ирлээ. Харин дээд зиндаанаас Асасэкирюү Б.Дашням, Вакакоюү, Чиёнокуни, Йошиазүма, Жёокорюү нар жюүрёо рүү буух боллоо.
Жюүрёо зиндаанд Монголын 25 настай Азүмарюү С.Тодбилэг, 24 настай Кагамио Б.Нанжид нар анх удаа дэвших болж, Широнорюү Э.Одгэрэл дахин барилдахаар болжээ. Ийнхүү ирэх башёод Монголын 13 сэкитори, үүнээс долоо нь дээд зиндаанд, зургаа нь жюүрёод хүч үзэх гэж байна.
Хацү башёо нэгдүгээр сарын 13-нд Токиогийн “Кокугикан” ордонд нээлтээ хийж 27-нд өндөрлөх юм.
Ц.Ганбат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ