
Британийн хунтайж Гарри афганы өмнөд нутгийн Гильменд мужид тусгай ажиллагаа явуулах үеэр “Талибан” хөдөлгөөний нэг хээрийн захирагчийг устгажээ. ”Сан он санди” сонины электрон хувилбарын өчигдрийн дугаарт дурдсанаар, хатан хаан хоёрдугаар Елизаветагийн 28 настай ач хүү цохилтын “Апач” нисдэг тэрэг жолоодож явахдаа, “Хеллфайр” пуужингаар байг устгасан байна.
Нэг “Хеллфайр” пуужин нь 42 мянган фунтийн (68 мянган ам. доллар) өртөгтэй ажээ. Түүний урт нь 1,63 метр, жин нь 45 килограмм. 500 метрээс 8 км-ийн зайд байгаа бай, голдуу танк устгах зорилгоор “агаар-газар” ангиллын энэ пуужинг хэрэглэдэг байна. Гаррийн оролцсон агаараас цохилт өгөх ажиллагааны үеэр газрын байг устгажээ.
Хунтайж хатан хааны агаарын цэргийн хүчний албан хаагчийн журмаар өнгөрсөн есдүгээр сард Афганистанд ирсэн бөгөөд энд ирэх оны нэгдүгээр сар хүртэл байх төлөвтэй байна. Хамт алба хаагчдынхаа дунд ахмад Уэльс нэртэй тэр “Апач” нисдэг тэрэгний багийн хоёрдугаар нисэгчээр томилогджээ. Газрын байг сонгож, түүнд цохилт өгөх, тэрчилэн явган цэргийг агаараас дэмжиж, нисэх онгоцуудыг дагалдах нь хунтайжийн гүйцэтгэдэг ажлын үүрэгт ордог байна.
Афганистан дахь британийн цэргийн бүрэлдэхүүнд алба хааж байгаа одоогийн томилолт нь Гаррийн хувьд хоёр дахь нь юм. 2007 оны сүүлч – 2008 оны эхээр тэр их бууны наводчикаар Афганистанд хоёр долоо хоног алба хаасан юм. Гэвч тэгэхэд аюулгүй байдлыг нь хангах үүднээс хунтайжийг товлосон хугацаанаас нь өмнө эх оронд нь буцаан татжээ. Энэ нь Гаррийн байрлаж байгаа газрын тухай мэдээ хэвлэлд гарсантай холбоотой байсан юм.
Мэдээнээс үзвэл, хаан ширээ залгамжлагч хунтайж Чарльзын бага хүү хамт алба хаагчдынхаа дунд их хүндтэй ажээ. Тэд түүнийг “Том Г” (Big H) гэж хочилдог бөгөөд энэ нь Гарри гэдэг нэрийн эхний үсэг юм.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ