ДОХ-оос сэргийлэх хичээл заана

img

Нийслэлийн засаг даргын захирамжаар байгуулагдсан нийслэлийн эрүүл мэндийн салбар зөвлөл өнөөдөр хуралдлаа.  Энэ хуралдаанаар Нийслэлчүүдийн эрүүл  мэндийн асуудлаар 2011 онд хийсэн ажлын тайланг сонсож цаашид хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний талаар ярилцав.  Салбар зөвлөлөөс энэ онд ДОХ-ын тархалтыг нэмэгдүүлэхгүй  байх,  эрсдэлт бүлэгт хамаардаг хүмүүст энэ төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт зөвлөгөө мэдээ мэдээллийг өгөхөд түлхүү ажилласан байна. Өнөөдөр дэлхий нийтийн анхаарал татсан асуудал болоод байгаа ХДХВ, ДОХ-ын халдвар манай оронд ч тулгамдсан асуудал болоод байгаа юм. Өнөөдрийн байдлаар манай улсад ДОХ-ын 98 дахь тохиолдол бүртгэгдээд байгаа ч цаана нь хичнээн халдвар тээгч байгаа нь тодорхойгүй. Дэлхийн бусад оронтой харьцуулахад манай улс ДОХ-ын тархалт багатай орны тоонд орж буй ч гэлээ хүн амын хувьд аваад үзэхэд аюул ойрхон иржээ. Тиймээс уг өвчнөөс урьдчилан сэргийлэх,  тархалтыг нэмэгдүүлэхгүй байх чиглэлээр нийслэлийн салбар зөвлөл байгуулагдан холбогдох албаныхантай хамтран ажиллаж байна. Тухайлбал дүүргүүдэд “Сэтгэл амар” нэртэй төвүүд  үйл ажиллагаагаа явуулж, энэ төрлийн өвчинд өртөх эрсдэл  өндөртэй бүлгийнхэнд зөвлөгөө мэдээлэл өгч байна. Мөн “100 хувь”  бэлгэвч хөтөлбөр хэрэгжүүлж, буудлуудад бэлгэвч байршуулах зэрэг ажлуудыг хийж байна.  Манай улсад бүртгэгдсэн ДОХ-ын тохиолдлууд  100 хувь бэлгийн замаар халдварласан байдаг.  Тиймээс нийслэлийн салбар зөвлөлөөс уг өвчинд өртөх эрсдэл өндөртэй нийгмийн бүлгийнхэн рүү ихээхэн анхаарч ажиллаж байгаа аж. Удахгүй дэлхий нийтээр ДОХ-той тэмцэх өдрийг тэмдэглэнэ.  Энэ өдрийг угтаж нийслэлийн салбар зөвлөлөөс тодорхой ажлууд хийхээр  төлөвлөсний дотор  өсвөр насныханд  ДОХ-ын талаарх мэдлэг өгөх,  тусгай программын дагуу хичээл ордог байх  зэрэг ажил багтаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ