“Shuud.mn” вэб сайтын сурвалжлах хэсэг “Изинис эйрвэйз” компанийн нисэх онгоцоор Улаанбаатар хотыг 3000 метрийн өндрөөс толидлоо.
Орон нутагт нислэг үйлддэг 95 хүний суудалтай нисэх онгоцонд 40 гаруй минут үргэлжилсэн агаарын аялал маань фото зураг авахад зориулагдан нам доогуур үргэлжилсэн тул багагүй чичиргээ, мэдрэгдсэн ч тун ч сонирхолтой санагдаж байлаа.
“Чингис хаан” олон улсын нисэх буудлаас салхи татуулан хурдлах төмөр хүлэг газраас хөндийрөхөд бие жаахан эвгүйцэж байсан ч даалуу эгнүүлэн тависан мэт Улаанбаатарын барилга байгууламжийн дээрээс нь толидох тун ч сонирхолтой юм.
Нислэгийн эхэнд Нисэх, Яармаг орчмын газраар явахад цал хялмайлсан уулс, хөхрөн харагдах уулс, энд тэнд хүрээ болон харагдах гэр хороолол, урт шугам мэт зам харгуй бараантан харагдаж байлаа.
Тэдгээрийн дотроос шинээр баригдсан Спортын ордон тодрон харагдаж байсан юм. Ийм байдлаар явсаар бид хотоос гарч Төв аймаг дахь “Цонжинболдог” цогцолбор дээгүүр гарахад Чингисийн хөшөө их л сүрдэм харагдаж байв.
Цас хялмайлсан уулс дээгүүр ниссээр бид эндээсээ дахин жаахан өндөр авч, хөвөн зөөлөн үүлэн дундуур аялалаа үргэлжлүүлэв. Энэ үед үдийн 13.00 цаг болж байсан тул нарны хурц гэрэл үүлэн дундуур нүд гялбуулан байлаа. Ингэж явсаар бид нийслэл хотыг бүхэлд нь 3000 метрийн өндрөөс харсан юм.
Нийслэл хотын төв хэсэгт өндөр барилгууд эгнэж, тэдгээрийн тодроос төв талбай тод томруун харагдаж байлаа. Биднийг ийн аялуулсан онгоцны экабажийнхан туршлагатай баг байсан тул аялалын туршид ая тухтай байдлыг хангаж чадсан юм.
Бидний суусан онгоц шороон зурвас дээр буух чадвартай, 7500 метрийн өндөрт нисэх чадвартай гэж байлаа. “Изинис эйрвэйз” компани одоогоор гадаад Улаанбаатар-Улаан-Үд, Улаанбаатар-Хайлаар, орон нурагт арван чиглэлд нислэг үйлдэж байгаа гэв.
Эдний 35 хүний суудалтай бага оврын онгоцоор нэг цаг нислэг үйлдэхэд таван сая төгрөгийн үнэтэй байдаг ажээ. Одоогоор ийм төрлийн үйлчилгээг гадаад дотоодын зочид гийчид ирсэн үед Засгийн газраас авдаг гэнэ. Мөн уул уурхайн компаниуд ийм үйлчилгээ ихээр авдаг гэж байлаа.
Онгоц цагт 400-500 тонн шатахуун зарцуулдаг бөгөөд тонн тутмын үнэ нь 1500 ам.доллар гэж байсан юм. Жижиг онгоцоор Улаанбаатараас Даланзадгад хүртэл нисэхд 500-600 литр шатахуун зарцуулдаг аж.