
Байгаль Орчин Ногоон хөгжлийн сайд С.Оюун, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захиаргч Э.Бат-Үүл нар хотын байгаль орчин, ногоон хөгжлийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд хот байгуулалтын чиглэлээр хотын төвлөрлийг сааруулах үүднээс дагуул хотуудыг хөгжүүлэх, гэр хорооллыг инженерийн хангамжийн бие даасан эх үүсвэрээс хангагдсан, тохилог амины орон сууцны ногоон шийдэлтэй хотхон, хороолол болгон хөгжүүлэхэд хамтран ажиллах, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж буй арьс шир, ноос ноолуурын боловсруулах үйлдвэрүүдийг хотын төвөөс нүүлгэж “Үйлдвэр технологийн парк” байгуулах ажлыг хамтран зохион байгуулахаар болжээ.
Мөн нийтийн тээврийг хөгжүүлэх чиглэлээр нийтийн тээврийн салбарт байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологийг нэвтрүүлэн, троллейбус, рейлбас, тусгай замын автобусны үйлчилгээг нэмэгдүүлэхэд хамтран ажиллах, явган зорчигчид болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн саадгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх, замын хөдөлгөөнд унадаг дугуй ашиглах явдлыг дэмжин зориулалтын зам, зорчих хэсгийг бий болгох, Туул, Сэлбэ голуудын дагуу ногоон байгууламж, явган замтай тохилог дизайн шийдэл бүхий тохижуулалт хийх зэрэг ажлуудыг 2013-2016 онд хийхээр болж байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ